ОХУ,Монгол улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар өчигдөр утсаар ярилцаж, Монгол улсын удирдагчийн ОХУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын үеэр тохиролцсон зүйлийг  хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. «Хоёр орны төрийн тэргүүн нар  МУ-ын ерөнхийлөгчийн ОХУ-д энэ оны 5-р сарын 30-аас 6-р сарын 3-нд  хүртэл хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх тулгамдсан асуудлыг  хэлэлцсэн гэж мэдээлэлд өгүүлжээ. Гэвч хэвлэлийн алба чухам ямар тохиролцоог авч үзсэнийг дурдаагүй. Монгол улсын төрийн тэргүүн Дмитрий Медведевийн урилгаар  айлчилсан юм. Айлчлалын дүнгээр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын засгийн газар хоорондын Хэлэлцээрт ОХУ-ын хууль зүйн сайд Александр Коновалов, МУ-ын Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд нар гарын үсэг зурав. Түүнээс гадна «Увс нуурын хотгор» хил дамнасан дархан газар байгуулах тухай хоёр орны засгийн газар хоорондын Хэлэлцээр, Монгол Улсын Анагаах ухааны академи, ОХУ-ын Анагаах ухааны академи хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн «Улаанбаатар төмөр зам» нийгэмлэг үүсгэн байгуулах тухай БНМАУ засгийн газар, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны Хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурав. Мөн түүнчлэн дизелийн түлшний асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж Дмитрий Медведев амласан билээ.