Inside Wold Football олон улсын хөл бөмбөгийн форум Москвад боллоо. 2018 онд Орос улсад болох Дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээний бэлтгэл  хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болсон. Шинжээчид мөн тэмцээнийг зохион явуулах үед манай оронд ямар сорилт тулгарах болон ямар боломж нээгдэх асуудлыг хөндөж ярилцав. 2018 оны Дэлхийн  хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээн  юуны түрүүнд улс орныхоо дүр төрхийг сайжруулах, ОХУ-ын талаархи гадаадынханы хэвшмэл үзэл санааг нааштай өөрчлөх сайн боломжийг нээж байна хэмээн оросын тал үзэж байна. Мэдээжээр ОХУ бол ийм хариуцлагатай олон улсын тэмцээнийг ахар богино хугацаанд дээд зэргээр явуулж чадах соёл иргэншилт гүрэн улс гэдгийг дэлхий дахинд үзүүлэх ёстой. Орос улс Дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээний бэлтгэлд 10 тэрбум доллар зарцуулна. Манай орны 13 хотын 16 цэнгэлдэх хүрээлэн тэмцээнийг хүлээж авна. Нөр их ажил хийж, 13 цэнгэлдэх хүрээлэн барьж,  гуравыг сэлбэн шинэчлэнэ. Оросын томоохон бизнес хөл бөмбөгийн дэд бүтцийг хөгжүүлэх ажиллагаанд оролцоно. Тухайлбал «Лукойл» компанийн хөрөнгөөр нийслэлийн «Спартак» цэнгэлдэх хүрээлэнг барих юм. «ВТБ» банк шинэ «Динамо» цэнгэлдэх хүрээлэн барих зардлыг хангана. Түүнчлэн «Газпром» компани Санкт-Петербургад хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барих юм. Манай орон үүргээ амжилттай биелүүлнэ гэж Оросын хөл бөмбөгийн тэргүүлэх холбооны ерөнхийлөгч Сергей Прядкин үзэж байна. Эдүгээ Орос улс Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд барагцаалбал 40 хувиар бэлэн байна гэж шинжээчид үзэж байна. «Бид олон улсын спортын байгууллагуудын өмнө авсан үүргээ биелүүлээгүй тохиолдол ердөө гараагүй. Бүх арга хэмжээнд байлцаж, Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг 2018 онд хүлээж авах эрхийн төлөө мэдүүлгийг урагш  ахиулсан  манай орны ерөнхийлөгч  ч, ерөнхий сайд ч тэмцээнд гойд анхаарал тавьж байна. Иймээс Орос улс олон улсын байгууллагуудын өмнө авсан бүх үүргээ бүрэн биелүүлнэ гэж батлан илэрхийлье» гэж Сергей Прядкин хэллээ.  

     Гадаадын ажил нэгтнүүд тухайлбал Английн хөл бөмбөгийн тэргүүлэх холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ник Ковард оросын мэргэжилтнүүдийн өөдрег үзлийг дэмжиж байна. Тэрээр Москвад анх хөл тавьж, оросын нийслэлтэй танилцан зугаалжээ. «Оросын зохион байгуулах хорооноос дэлхийн аврага баг шалгаруулах тэмцээний бэлтгэлийн явцад хийж амжсан зүйл намайг гайхууллаа.Тэмцээн амжилттай болно гэж  Оросын удирдагчидтай уулзсаныхаа  дараа лавтай хэлмээр байна»  гэж Ник Ковард хэллээ. Орос улс  хөл бөмбөгийн шинэ шинэ боломжийн бэлэгдэл болж мэднэ. Үүний хамт  зохисгүй хэд хэдэн  тохиолдлыг анхаарахгүй байж болохгүй. Зарим хөгжөөн дэмжигчид хөл бөмбөгийн үеэр бүдүүлэг авир гаргаж, цагдаа нартай мөргөлдөж, хөл бөмбөгчдийг үл хүндэтгэсэн явдал ч гарч байсан.Өнөөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг үндсээр нь шинэчлэж, олон улсын шаардлагад нийцэх шинэ шинэ цэнгэлдэх хүрээлэн  барих замаар хөл бөмбөгийн тэмцээний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэж болно. Зөрчигчийг тэр даруй илрүүлж  олоход туслах  аюулгүй байдал, дүрс бичлэгийн ажиглалтын системийг угсрах юм.Үзэгчид ба цагдаа нарыг зааглах албаныхан үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулна гэж оросын шинжээчид үзэж байна. Ийм систем байгууллага болон орчин цагийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг  харьцангүй ахар богино хугацаанд байгуулах хэрэгтэй. Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькейн москвагийн Inside World Football форум дээр мэдэгдсэнчилэн Орос улс Дэлхийн хөл бөмбөгийн  аврага баг шалгаруулах тэмцээнд хоёр жилийн өмнө бүр 2016 онд бэлэн байх ёстой.