Оросын Холбооны аюулгүй байдлын алба 2014 онд Солчид болох Олимпийн наадмын  аюулгүй байдлыг хангах цогц системийг боловсруулсан байна. Гол ачаалал хилчдэд ногдож байна. Оросын Холбооны аюулгүй байдлын албаны Хар тэнгис, Азовын хилийн эргийн хамгаалалтын удирдах газрын сууринд аюулгүй байдлыг хангах төвийг байгуулжээ. Төвийн тусламжтайгаар усан дээрх, хуурай газрын байдлыг хяналтандаа авна гэж Оросын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн албаны хөгжлийн удирдах газрын 1-р орлогч дарга Юрий Малахов хэлээд «Мөн систем бараг бүгднийг хяналтдаа авах боломжтой. Хиймэл дагуулын систем ба мэдээллийн ажиглалтын автоматчилсан системийг хослуулан хянан шалгаж байна. Төв мэдээ баримтыг цугуулан боловсруулж, орон нутгийн тоон газрын зурагт түшиглэн байрлалыг тодорхойлж, дүрс бичлэгийн мэдээллийг ямар ч түвшинд уламжлана» гэв.

    Хилийн хяналтыг боловсронгуй болгохын тулд Кавказад улсын хилийг техникээр тоноглож байна. Хамгаалах цогц системийг байгуулж байна гэж Оросын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн албаны удирдагч Владимир Проничев өгүүлээд «Бид улсын хил хамгаалах орчин цагийн техникийн хэрэгсэл авч байна. Юуны түрүүнд  нисдэг техник, ажиглах техник болон газар дээр бараг харагдахгүй боловч дүрс  бичлэг хийх хэрэгсэл зэргийг энд дурдая. Сансар, нисэгчгүй  техникийг оролцуулж, нөхцөл байдлыг ажиглах радио техникийн системийг төлөвшүүлж байна. Цогц систем бүх Кавказыг хамрана» гэв.

    Европын хилчид 2014 оны өвлийн Олимпийн аюулгүй байдлыг хангахад туслана. Европын холбооны гадаад хил дээр шуурхай хамтын ажиллагааг удирдах Агентлагтай  энэ тухай хэлэлцээр байгуулсан. Хар тэнгисийн бүс нутгийн  орнуудын хилчдийн «Хар тэнгисийн харцага» сургууль хийхээр төлөвлөжээ. Орос, Турк, Болгар, Румын, Украин улсуудын хилчид түүнд оролцоно. Сочид өвлийн Олимпийг зохион явуулах үед ажиллах аюулгүй байдлын нийтийн системийг байгуулах зорилготой  гэж улс төр судлаач Станислав Тарасов тэмдэглээд «Туркийн хилчид «Хар тэнгисийн харцага» сургуульд онцгой үүрэг биелүүлнэ. Тэд эргийн хамгаалалтын хөлөг онгоцоор Новороссийск хотод удаа дараа ирж, Хар тэнгисийн усан тохойд  гэмт хэрэгтэй  тэмцэх туршлага оросын хилчидтэй солилцсон» гэв. Бүс нутгийн  хилчид зорилтоо  бүрэн ойлгож байна. Энэ нь хамтын ажиллагааг амжилттай болгох баталгаа мөн гэж Оросын холбооны аюулгүй байдлын алба үзэж байна.