Японы MAZDA авто нэгдэл ОУ-д машинаа угсрах боллоо. Үйлдвэрлэлээ Алс Дорнодын Приморийн хязгаарт явуулахаар төлөвлөж байна. Энэ машины 30%-ийг оросын бүрдэл хэсэг эзлэх ба анхны машин дараа жил гэхэд үйлдвэрээс гарна гэж төлөвлөж байна гэж хязгаарын засаг захиргаа мэдээллээ. MAZDA “ОУ-д хүрэлцэн ирэх” гэж байгаа тухай мэдээ ноднин жилээс  дуулдах болсон юм. Харин дөнгөж сая япончууд Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцсөн хэлэлцээрт гарын үсэг зурж бүх зүйл эцэслэн шийдэгдлээ. Аж үйлдвэрлэлийн угсралтын  хуучин горим энэ нэгдэлд үйлчлэх нь энэ гэрээний гол онцлог юм. Өөрөөр хэлвэл MAZDA бүрдэл хэсгээ хөнгөлөлттэй үнээр оруулах боловч жилд 25 мянган машин үйлдвэрлэх ёстой юм. Харин шинэ хуулиар бол гадаадын компани онцгой эрх олж авахын тулд жилд 300 мянгаас доошгүй машин үйлдвэрлэх ёстой билээ. Энэ бол MAZDA-гийн ОУ-д хийх ажлын дөнгөж эхлэл нь юм гэж шинжээчид ярьж байна. Тус нэгдэл өөрийн заводоо барьж зах зээлээ эзэмшсний дараа үйлдвэрлэлээ өргөжүүлэх юм. Оросын талд энэ нь маш их ашигтай гэж “ВТБ Капитал”-ын шинжээч Владимир Беспалов тэмдэглээд «Засгийн газар хуучин машины татварыг нэмэгдүүлснээс хойш Алс Дорнодод авто машины үйлдвэрлэл хөгжүүлэхээр шийдсэн билээ. Энэ нь хуучин машины импортыг орлох асуудлыг шийдэхээс гадна ажлын шинэ байр бий болгох тал дээр Алс Дорнодыг хөгжүүлэхэд дэм өгч байгаа юм. Энэ бол нийгмийн хандлагатай мэдэгдэхүйц төсөл юм. Үүнээс гадна  дэлхийн авто машины аж үйлдвэрлэл дээр маш их нэр хүндтэй тоглогч оросын зах зээл дээр ирж байна гэсэн үг» гэлээ.

   Оросын авто машины зах зээлийн үзүүлэлтийн өсөлт нь хямралаас гарч байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2010 онд зарсан машины тоо 2 саяаас давсан байна.2011 онд энэ зах зээл 25-30% өснө гэсэн таамаг байна. 2020 он гэхэд ОУ-д зарах хөнгөн тэрэгний тоо жилд 4 саяд хүрч дэлхийд 6-р байранд орно гэж барууны шинжээчид таамаглаж байна. Эх орны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж улмаар барууны компаниудыг татан оролцуулсны дараа ийм амжилтад хүрэхээр төлөвлөж байна. Оросын авто машины аж үйлдвэрийн зах зээлд бусдын анхаарлыг татахын тулд ОУ-ын засгийн газар бүхнийг хийж байна гэж  “Автомир” болон Quattroruote сэтгүүлүүдийн шинжилгээний бүлгийн удирдагч Максим Ракитин ярьж байна. «Ард түмний худалдан авах чадвар дахиад нэмэгдэж байна, манайд дахиад зээллэгийн хөтөлбөр болон хуучин машин устгах хөтөлбөр гарч ирлээ, худалдаа илт өсөн нэмэгдлээ энэ бүхнээс үүдээд ОУ-ыг сонирхож эхэллээ. Ийм учраас л  улам олон үйлдвэрлэгчид манайд үйлдвэрээ нээхийг оролдож байна» гэж Максим Ракитин хэллээ.Сүүлийн үед францийн Peugeot-Citroen болон Hyundai компаниуд ОУ-д өөрийн заводоо нээгээд ажиллуулж байна. Volkswagen, Hyundai компаниуд оросын авто машин сонирхогчидод зориулсан хямд загвараа үзүүллээ. Доод Новгород хотод Chevrolet Aveo шинэ үеийн загварын машинаа угсарч эхэллээ.Оросын Sollers нэгдэл америкийн Ford компанитай хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцоод байна. Авто машины аврага үйлдвэр General Motors, ОУ-д ажлаа эхлэх гэж байна. Өрсөлдөөн өсөн нэмэгдэж байна гэдэг эх орны авто машины зах зээлийн цаашдын хөгжлийн баталгаа болно гэж шинжээчид үзэж байна.