Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр улс үндэстэндээ хандан үг хэлэхдээ Афганистанаас цэргээ  гаргаж эхлэх тухай зарлан мэдээлэв. АНУ-ын 10 мянган цэргийн албан хаагчийг  энэ онд багтаан гаргах юм. Мөн америкийн цэргийн барагцаалбал гуравны нэг болох 33 мянган цэрэг ирэх жилийн намар гэхэд гэртээ харина. Барак Обама 2009 оны 12-р сард Афганистан руу явуулсан цэргийг гаргах тухай ярьж байсан. Ерөнхийлөгч улс үндэстэндээ хандан америкийн цэрэг үүргээ биелүүлсэн гэв. НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  ийм үнэлгээг дэмжиж, америкийн цэргийг гаргах шийдвэрийг сайшаав. Эдүгээ дэлхийн 48 улсын 135 мянган цэргийн албан хаагч Афганистанд эвслийн хүчний бүрэлдэхүүнд орж байна. Олонхи улсын оршин суугчид Афганист дахь цэргийн ажиллагааг зогсоохын төлөө байна. Иймээс Афганистанд үндэсний цэргүүдийг байлгах хугацааг багасгаж,тоо  нь  хорогдуулах асуудлаархи улс төрийн санал шүүмжлэлийг хурцатгах бололтой. Тэр тусмаа америкийн тал жишээ үзүүлсэн байна. Гэвч Барак Обама арга буюу ийм алхам хийсэн гэж «Стратеги-2020» иргэний санаачилгын сангийн захирал Борис Межуев үзэж байна .Тэрээр хэлэхдээ «Энэ нь улс төрийн шийдвэр юм. Юу гэвэл америкийн 70 мянган цэрэг тус улсад үлдэнэ. Мөн шийдвэр 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажиллагаа эхлэсэнтэй холбоотой байх. Америкчуудын  дайнчин-эх оронч   сэтгэл биш  тэд Афганистан, Ирак, Ливид явуулж буй балмад ажиллагаанаас залхсан явдал үүнд нөлөөлсөн. Улс орон нь голдуу ашиггүй тодорхой үр дүнд хүргээгүй дайнд маш их хүч хөрөнгөө үрэн таран болгож байна гэж америкийн сонгогчид үзэж байгааг бүгд найрамдах нам, ардчилсан намын гишүүд ч Обама ч ойлгож байна» гэв.

     АНУ бараг 10 жил үрэлжилж байгаа дайны үед Афганистанд 1500 гаруй цэргээ алджээ. Дайнд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг зөвтгөх аргагүй. Татвар төлөгчид дайнд жил дутам 110 тэрбум гаруй доллар зарцуулж байна. АНУ-ын хүн амын гуравны хоёр нь Афганистанд цэргээ байлгахыг эсэргүүцэж байна.Афнанистаны Ерөнхийлөгч Хамид Карзай  Барак Обамагийн хэлсэн үгийг дэмжив. Гэвч америкийн ерөнхийлэгч ёс төдий хангалтгүй шийдвэр гаргасан гэж афганистаны талибууд үзэж байна. «Талибан» гадаадын цэргийг нэн даруй бүрэн гаргах урьдын байр сууриа ахин батлав. Тэгэхгүй бол зэвсэгт сөргөлдөөн гаарна гэж тус хөдөлгөөн сүрдүүлжээ. Америкийн дипломат ажилтнууд  Афганистаны ирээдүйн асуудлаар «Талибан» хөдөлгөөний төлөөлөгчидтэй  хэдэн долоо хоногийн турш нууц хэлэлцээ хийж байгааг дурдая. Ахиц дэвшлийн тухай ярихад эртдэнэ гэж тэд мэдээлэв. Обамагийн шийдвэрийг талибууд эрс шүүмжлэсний дараа эдгээр хэлэлцээ ердөө зогсож болзошгүй  гэж Цэргийн улс төр судлаачдын холбооны  дарга, улс төрийн ухааны доктор Сергей Мельков үзэж байна. Америкийн төлөөлөгчид Хамид Карзайн ар худрагаар талибуудтай хэлэлцээ хийж байна. Иймээс америкийн талаас хоёр нүүрт бодлого явуулж байна гэж Кабул сэжиглэсэн учир АНУ Афганистан хоорондын харилцаа хүйтэн болсон. Талибуудтай эвлэрэх тухай афганистаны засгийн газрын санаачилгыг дэмжиж байна гэсэн Обамагийн мэдэгдэл афганистаны зохицуулалтад Кабулын тэргүүлэх үүргийг онцлох биш харин түүнийг тайтгаруулах зорилготой байх.