Их буу дуугарч байхад соёл урлаг шинжлэх ухааны тэнгэр дуугүй байдаг. Өөрөөр хэлбэл уран барилгын дурсгалт зүйлс устана гэсэн үг. НАТО-гийн нисэх хүчин хөндлөнгөөс оролцож цэргийн мөргөлдөөн болгож хувиргасан Ливийн эмх замбараагүй байдал ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан уран барилгын хөшөө дурсгалыг устгахад хүргэж байна. “Цөлийн сувд” нэртэй Гадамес хот засгийн газрын цэргийн их бууны суманд өртөөд байна. Эртний Ромын Лептис-Магна хотын туурь хүнд байдалтай тулгараад байна. Эвслийн үзэж байгаагаар тэнд НАТО-гийн нисэх хүчний устгах ёстой Каддафигийн армийн цэргийн тоног төхөрөмж, зэвсгийн агуулах байгаа гэнэ. Саяханы өдрүүдэд ЮНЕСКО, Ливийн соёлын өвийг хамгаалахыг шаардсан мэдэгдэл хийлээ. НАТО-гийн цэргүүд дэмжиж байгаа ливийн босогчид болон Муаммар Каддафигийн засгийн газрын цэргүүдэд ноот бичиг явуулсан байна. Энэ шаардлагад уран барилгын хөшөө дурсгал байрлаж байгаа газрын зургийг хавсаргажээ. Эвдрэл сүйтгэлээс одоохондоо зайлсхийж чадсан боловч аюул занал хэвээрээ байна гэж ЮНЕСКО-гийн ОУ дахь төлөөлөгч Элеонора Митрофанова ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Эртний уран барилгын дурсгалын эрхэм дээжис болсон Гадамес, Лептис-Магна хотуудаа хүн төрлөхтөн алдахад хүрч мэднэ гэж тэр ярьж байна. Гадамес хотын хуучин хэсэг нь Дэлхийн өвийн дурсгалт газар гэж тооцогддог юм. Сахарын элсэн цөлийн 50 хэмийн халуунд хүн амьдрах боломжийг олгосон олон давхар шавар байшингуудыг энд барьснаараа онцлог юм. Харин Лептис-Магна хот Триполигоос зүүн зүгт 130 километрт оршдог юм. Энэ хот нь “Африкийн Ром” гэдэг өвөрмөц нэртэй юм. Мэдээж хэрэг хэн ч энэ хотыг устгахыг бодохгүй байгаа нь ойлгомжтой, гэхдээ бөмбөгдөлтийн үеэр ямар ч баталгаа гаргаж өгч чадахгүй шүү дээ гэж тэр ярилаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан 5 түүхэн дурсгалт газар Ливи улсад байдаг юм. Цөлийн сувд болсон  Гадамес, Лептис-Магна хотуудаас гадна Аполлонд зориулсан манай эрний өмнөх үеийн гайхамшигтай хот Кирена байна. Төв Африкт худалдаа хийхийн тулд финикүүдийн барьсан манлайн бэхлэлт Сабрата хот байна. Алжир улстай хил залгадаг Тадрат Акакус уулан дахь хадны сүг зураг зэрэг юм. Ливи улсын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагааа явагдаж байгаа цагт энэ хөшөө дурсгалуудад аюул занал учирсаар л байх болно гэж  Элеонора Митрофанова ярьж байна. ЮНЕСКО өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд байна. Мөргөлдөөнийг зохицуулахын тулд талууд тайван замыг эрж хайх хэрэгтэй, бид өөрийн зүгээс байлдааны ажиллагааг нэн даруй зогсоогооч гэж л уриалах юм даа гэж Элеонора Митрофанова нэмж хэллээ.