Франц, Их Британи, Герман, Португал улсууд  Сирийн асуудлаархи тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулахад бэлэн байна. Өнөөдөр оруулах бололтой гэж үзэж байна. Төслийг НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний 11 нь сайшаах магадлалтай гэж Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе үзэж байна. Баримт бичиг Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэрцгий ажиллагааг буруушаагаад олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас хяналт тавихад Сирийн хотуудыг нээхийг шаардаж байна. Орос улс энэ баримт бичгийг сайшаахгүйгээ шууд мэдүүлэв. Хятад улс мөн адил байр суурийг баримталж байна. Тогтоол мөргөлдөөнд татагдан оролцож буй нэг талд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж,сөргөлдөөнийг хурцатгаж, шинэ цуст ажиллагааг өдөөх уршиг дагуулна гэж Москва Бээжин хоёр үзэж байна.

    Гэвч Сирийн байдал эрс хурцдав. 6-р сарын 6-нд  баруун-хойд хэсэгт хэт даврагчид хүчний байгууллагын 120 ажилтныг хөнөөжээ. Тэд зэвсэгт бүлгийн гишүүд дайран нэвтрэсэн Жиср-эш-Шугур хотын энгийн иргэдийг хамгаалахаар явсан билээ. Террористуудын өдөөн хатгалгын хариуд хамгийн хатуу арга хэмжээ авна гэж Дамаск мэдэгдэв. Эрх баригчид улс орныхоо аюулгүй байдлыг хяналтдаа авсан хийгээд Башар Асадын дэглэм  хууль бус байгаа учир удахгүй унах ёстой гэсэн Израилийн батлан хамгаалахын сайд Эхуд Баракын мэдэгдлийг хүлцэхгүйгээ илэрхийлэв.

     Ливид Муаммар Каддафи, Йеменд Али Абдалла Салехыг гарцаагүй огцоруулна гэж Израилийн улс төрч үзэж байна. АНУ адилхан саналтай байна. Тухайлбал Йеменд засгийн эрхийг нэн даруй дамжуулж өгөхийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни уриалжээ.  Йемений сөрөг хүчин шархадсан ерөнхийлөгч Саудын Аравид эмчилгээ хийлгэхээр очсоныг  засгийн эрх нь эцэслэсэн хэрэг хэмээн үзжээ. Гэвч Али Абдалла Салехын бие сайжирсан. Хэдэн өдрийн дараа эх орондо буцаж ирнэ гэж улс орноо түр удирдаж буй дэд ерөнхийлөгч мэдэгдэв. Ерөнхийлөгч шархдсан боловч армид нэр хүндтэй хэвээр байна. Урьд шөнө цэргийн албан хаагчид ерөнхий командлагчийн тушаалаар хэт даврагчдыг Зинжибарээс хөөж гаргав. Дайралтын явцад долоон цэргийн албан хаагч амь үрэгдэж, 12 нь шархдав. Хичнээн хэт даврагчийг хөнөөсөн тухай мэдээлээгүй байна.

   2-р сараас Йеменд хувьсгал  үргэлжилж байна.  Албан тушаалаа орхино гэж Салех удаа дараа амласан ч амлалтаа биелүүлээгүй. Иргэний дайн цус асгаруулах эрсдэлтэй  гэж ажиглагчид тэмдэглэв. Йемен хүн ам дутамд ногдох  зэвсгийн хэмжээгээр дэлхийд АНУ, Финландийн дараа гуравт орж байна. Йемений Хойд, Өмнөд хэсэг сөргөлдөж, олон омог, засаг захиргаанд захирагдахгүй байгааг улс төр судлаач Александр Ткаченко хэлээд «Чухам  омгийн хүчин зүйл засаг тогтворгүй болсон нөхцөлд тэсрэхэд хүргэж мэднэ. Йемений улс төрийн байдал, засаг захиргаанд өөрчлөлт гармагц омогууд, төв засаг захиргааны хоорондын сөргөлдөөн хурцдана» гэв. Гэсэн ч Йемен хямралаас аажмаар гарах боломжтой байна гэж шинжээч үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Салех явснаас хойш шинэ байдал тогтож, боломж илүү өргөн болсон. Ерөнхийлөгч Саудын Аравид үлдвэл, сөрөг болон улс төрийн бусад хүчин  ойлголцож, харилцан найр тавих бололтой. Ерөнхийлөгч явсан нь мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах, иргэний дайныг шатлан өргөжүүлэхээс татгалзах боломжийг нэмэгдүүлж байна» гэв.

      Тэгэх нь бүс нутгийн аюулгүй байлын ашиг сонирхолд нийцэж байна. Эдүгээ «Аль-Каида» сөрөг үзэл санаатай цэргийнхэн ба омгуудын сэхүүн санаархлыг өөртөө ашигтайгаар хэрэглэж байна. «Аль-Каида» бүлгийн дэмжлэгээр сөрөг хүчин өмнөдийн Зинжибар хотыг хяналтдаа авсан. Сомалитой залгадаг усан хил тэнд байдаг. «Аль-Каида» Йемений өмнөд бүс нутагт  үр нөлөөгөө өргөжүүлвэл сомалийн «Аль-Шабаб» лалын байгууллагатай эвсэж болзошгүй. Энэ нь хэт даврагчидыг бэлтгэх лагерийг Сомалид байгуулж, тэнгис далайд дээрмийг хамтран гааруулна гэсэн үг билээ. Йемен Сомали шиг бутрах юм бол  нефтийг Персийн булангаас Өрнөдэд тээвэрлэх замд ноцтой аюул учруулах юм.