«Цахим хог хаягдал хүний ДНК-аг гэмтээж байна» гэж хятадын мэргэжилтнүүд мэдэгдлээ. Хятадын Жэнзян мужийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөнд тулгарсан шинэ аюулыг илрүүлэв. Тэд хэрэглэсэн  компьютерийг овоолж булсан газар болон цахим хог хаягдлыг ахин боловсруулах заводын ойр хавийн нутагт хорт хавдрын үүсэх шалтгааныг судлажээ. Эндхийн агаар уушигны эсэд зохисгүй нөлөөлөх  хольцтой байгааг илрүүлэв. Хэвийн нөхцөлд нэг эс тайван байдаг. Харин хорт хольцийн нөлөөгөөр идэвхжиж, хүний организмд үрэвсэх үйл явцыг үүсгэж, хорт хавдар болгодог.

     Экологийн зохисгүй байдлаас болж хорт хавдар дэлхийд нас баралтын гол шалтгаан болсныг хятадын эрдэмтэдийн нээлт нотлож байна гэж Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Алексей Яблоков «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд  «Цахим хог хаягдал сүүлийн 7-8 жилд дэлхий даяар ноцтой асуудал болсон.Хэрэглэж дууссан буюу ажиллах чадвартай компьютер, гар утасыг хаяж овоолж байна. Нарны илчээр эдгээр  хог хорт диоксидийг ялган гаргаж байна. Цахим хог хаягдлыг ахин ашиглах боловсронгүй технологи алга. Эдгээр хог хаягдлыг ахин боловсруулах салбар зайлшгүй чухал. Одоо ийм чиглэлийг Европ болон АНУ-д хөгжүүлж байна. Орос ч мөн аюулыг арилгахад бэлэн байх ёстой» гэв.

     Цахим хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийг ЕХ бусдаас түрүүн оролдов. Одоогоос 10 жилийн өмнө ЕХ ахуйн хэрэглээний цахим техникийг ахин боловсруулах үүрэг хүлээхийг үйлдвэрлэгчдэд нь тулгав. Мөн адил хуулийг Япон, Өмнөд Солонгос, Тайванд батлав. Гэвч эдгээр техникийн үйлдвэрлэлийг гадаадад байршуулах нь задлаж устгахаас илүү ашигтай болох нь удалгүй  тодорхой болсон.  Мөн үед Хятад, Малайзи, Вьетнам, Тайланд, Турк улсуудад компьютер, гар утас угсрах үйлдвэрүүд эрс нэмэгдсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Тухайлбал Хятадад ийм үйлдвэрүүдийг чухам Жэзян мужид байрлуулсан. Одоо эндхийн нөхцөл байдал хорт хавдар үүсгэх аюултайг батласан юм. Дан цахим техник угсарч буй хөрш зэргэлдээ Зянсу мужийн байдал ч адилхан байна.

      АНУ-д хэрэглэж дууссан  компьютеруудээ ахин боловсруулах үүрэг үйлдвэрлэгчдэд нь  тулгах гэсэн оролдлого дампуурав. Хуульд хориг тавьж, цахим хог хаягдлын экспортод зам тавьжээ. Эдүгээ  хаясан арван компьютерийн наймыг АНУ-ын чанадад ахин боловсруулж байна. Тэдгээрийг хөлөг онгоцоор Африк, Ази ялангуяа Хятад, Энэтхэг улсуудад шилжүүлж байна. Тэнд улирлын ажилчдын гарт ордог. Заримдаа хүүхдүүд задгай жижиг дархны газарт тэдгээрийг задлаж байна. Жижиг тогоонд хайлуулж, алт, зэс болон бусад өнгөт  үнэт төмөрлөгийг ялган авдаг. Хэрэггүй хуванцарыг агаарт шатааж байна.

     Цахим хог хаягдлыг гаднаас оруулахыг хууль ёсоор хориглохыг Хятад, Энэтхэг болон азийн бусад улсууд оролдож байна. Практик хэрэг дээр энэ тухай хууль бараг хэрэгжихгүй байна. Гадаадын хог хаягдлыг азийн орнуудад овоолсоор байна. Бүр 1989 онд хүчин төгөлдөр болсон аюултай хаягдал улс дамнахад хяналт  тавих тухай Базелийн конвенци үнэн хэрэг дээр огт хэрэгжихгүй байна. АНУ, хөгжингүй  өөр хэд хэдэн улс конвенцид гарын үсэг зураагүй. Харин энэ нь цахим хог хаягдлыг  ахин боловсруулах зорилгоор орчин үеийн технологигүй орнуудад нийлүүлэхийг хориглосон ганцхан баримт бичиг билээ.