Ирж байгаа мэдээллээс харахад Йемен, Сири улсуудад болж байгаа үйл явдлууд иргэний дайны ирмэгт тулаад байна. Йеменийн нийслэл Сана хот дахь ерөнхийлөгчийн ордонд халдсан юм. Али Абдалла Салехийг амь үрэгдсэн гэсэн мэдээг няцаасан, гэхдээ тэр шархадсан байна. Үүний хариуд засгийн газрын цэргүүд омгийн толгойлогчдын байшинг төлөвлөгөөний дагуу буудаж эхэлсэн байна. Сири улсын байдал ч тийм сайн биш байгаа. Сөрөг хүчин болон цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөнөөс болж хэдэн арван хүн амь насаа алдсан ба тус улсад Интернетийг тасалсан байна. Харин Ливид харьцангуй тайван. НАТО цахилгаан дайралт хийсэн нь бүтэлгүйтсэн тул эвсэл ажиллагаагаа дахиад 3 сараар сунгалаа. Сирийн томоохон хотуудад болсон ээлжит “баасан гаригийн хилэн” сүүлийн 2 сарын баасан гариг бүхэн шиг л өндөрлөсөн байна. Сөрөг хүчин дахиад л Дамаск, Хама, Дир аз-Зура хотуудын гудамжуудад өөрийнхөө талын хэдэн мянган хүнийг жагсаалаа. Тусгайгийнхан мөн хатуу хариу өглөө. Дэглэмийг эсэргүүцэгчид бараг 70 хүн амь насаа алдаж хэдэн арван хүн хэлмэгдсэн гэж мэдээлсэн байна. Энэ мөргөлдөөнд тусгайгийнхан оролцоогүй гэж албан ёсны Дамаск мэдэгджээ. Амь насаа алдсан хүмүүс бол жагсагчдын дотоодын мөргөлдөөний золиос болсон хүмүүс юм. Сири улсад Интернетыг тасалсан гэх мэдээ байна. Башар Асадын засгийн газар хууль ёсны байдлаа алдсан тэнд болж байгаа явдал бол хүн төрлөхтний эсрэг явуулж байгаа ажиллагаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон шууд л мэдэгдлээ. Ливийн байдал Сирид тохиох байх гэж Даяарчлалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин үзэж байна. НАТО-гийн хүсээд байгаа тэр хувилбарт Ливийн байдал хүрмэгц л эвсэл Сири улсад цохилт өгч эхлэнэ.Нөхцөл байдлыг харгалзан үзсэн ч хуримтлуулсан туршлагыг бодоход ч НҮБ-ын АЗ-ийн шийдвэргүйгээр үйлдэх магадлалтай. НАТО-гийн төв штабд цуглараад л шийдвэр гаргачихна гэж тэр ярилаа. Харин Башар Асад эсэргүүцэгчдийн олон шаардлагыг биелүүлсэн гэдгийг санах хэрэгтэй. Ардчилсан өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, засгийн газрын бүрэлдхүүнийг өөрчлөж, 50 жил үйлчилсэн онц байдлыг цуцалсан юм. Саяхан өргөн хэмжээний өршөөл зарлалаа. Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид тэрдундаа “Лалын ах дүү нар минь” хөдөлгөөнийхэн ганцхан зүйл, Асадыг огцруулахыг л шаардаж байна. Хэрвээ үгүй бол энэ долоо хоногт Йеменд байлдааны талбар нь тус улсын нийслэл болон хувирч бараг л  хүчээр түлхэн унагах дөхсөн тэр аргыг хэрэглэнэ гэж заналхийлж байна.Үл мэдэгдэх этгээдүүд ерөнхийлөгчийн ордон болон ойролцоох сүмийг их буугаар буудсан байна. Али Абдалла Салех болон хэд хэдэн сайд нар шархаджээ. Засгийн газрын цэргийн эсрэг байлдаж байгаа шейх Садека аль-Ахмарын дайчдыг цэргийнхэн буруутгаж байна. Сана хотын олон улсын онгоцны буудлыг хаалаа. Энэ үйл явдлын дараа ОНХМХ-ийн мэдээлж байгаагаар Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн боловсруулсан баримт бичигт ерөнхийлөгч гарын үсэг зурахыг зөвшөөрсөн байна. Салех 3 сарын дотор засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх ба оронд нь түүнд болон түүний гэр бүлийнхэнд халдахгүй гэсэн баталгааг авах ёстой гэж энэ баримт бичигт заасан юм. Төрийн тэргүүн энэ баримт бичигт хэзээ гарын үсэг зурах нь тодорхой биш байна. Муаммар Кадаффи болон НАТО-гийн хүчний хоорондох мөргөлдөөн хэзээ дуусах нь бас тодорхой бус байна. Цэргийн ажиллагаа шинжээчдийн таамаглаж байснаар хий эргэж эхэллээ. Хойд атлантын эвсэл ажиллагааагаа 90 хоногоор дахин сунгахаас өөр аргагүй боллоо. Тунис, Египет улсуудад хэрэглэсэн арга Ливи улсад тохирсонгүй гэж Ливи улсад ЗХУ-аас сууж байсан элчин сайд Олег Пересыпкин тэмдэглэж байна. Тус улсын байдлыг өөрчлөж чадах тийм хүчтэй сөрөг хүчин байсангүй гэж тэр яриад: «Ливид өгч байгаа НАТО-гийн хүнд цохилтоос Каддафи гарч чадлаа, цэргийн асар их нөөц бололцоо давуу талтай НАТО-гийн машиныг эсэргүүцэж болно гэдгийг тэр харуулж чадлаа. Улсын дотоодын сөрөг хүчнийг дэмжиж дээшлүүлэх гэсэн америкчууд, барууныхны оролдлого талаар боллоо. Харин Бенгазийн хувьд бол энэ хот шүдээ хүртэл зэвсгэлсэн хүмүүсийн бөөгнөрөл л болоод байна. Тэдэнд 30 хүний бүрэлдхүүнтэй Үндэсний шилжилтийн зөвлөл гэсэн нэртэй нэг байгууллага байгаа. Тэдний 10-ынх нь нэрийг л бид мэднэ, бусад 20-ыг нь хэн ч мэдээлэхгүй байгаа. Яагаад? Яагаад гэвэл тэд бол  Чечень, Афганистанд байлдаж явсан Аль-Каидатай холбоотой хүмүүс байгаа юм» гэж тэр ярилаа. Зуучлах үйл ажиллагаа явуулж өгөөчээ гэж ОУ-аас гуйснаар Барууны орнуудын цэргийн ажиллагаа нуран унасан гэдэг нь тодорхой боллоо. Каддафиг түлхэн унагаах ёстой гэсэн энэ кампанит ажлын зорилго хэвээрээ л байна. Үүний дараа АНУ, НАТО хоёр энэ бүсийн бусад орнуудыг бөмбөгдөж эхлэнэ гэдэгт Орчин цагийн Иран улсын судалгааны оросын төвийн захирал Раджаб Сафаров итгэлтэй байна. Энэ бол ираны асуудлыг шийдэх нэгдсэн стратегийн нэгээхэн хэсэг юм. Хамгийн гол зорилт, хамгийн гол асуудал бол Иран улс юм. Хэрвээ Тегеран, Сири улс шиг стратегийн түншээ алдах юм бол одоо Иран улстай ямар нэгэн юм тохиолдлоо гэж үзэхэд хариулт өгөх ямарч боломж ямарч улсад гарахгүй гэж тэр ярилаа. Том Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэж байгаа ихэнх шинжээчид, Каддафи, Асад, Салех нарын дэглэмийг түлхэн унагааснаар бүс нутаг тайван болохгүй гэдгийг тэмдэглэж байна. Барууныхныг эсэргүүцэх үзэл бодол өсөн нэмэгдэж байгаа явдал түгшүүртэй байдлыг улам л нэмэгдүүлнэ. Египетийн шинэ төр засаг Иран улстай хэт ойртсон явдал Вашингтоны дургүйг хүргэж байна. Иран улс нөлөөгөө улам л ихэсгэж байна. Эцсийн эцэст АНУ, Европ хоёр эдгээр дэглэмүүдээс долоон дор хүчирхэг дайсантай л болох байх гэж улс төр судлаачид үзэж байна.