Ливийн байдлыг зохицуулахад зуучлах хүчин чармайлт үргэлжилж байгаа боловч өрнөдийн эвсэл тус улсад цэргийн ажиллагаагаа наанадаж 9-р сарыг дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  мэдэгдлээ. Түүний хэлснээр бол НҮБ-ын мандатыг хэрэгжүүлж, ливийн ард түмнийг хамгаалах зорилгоор цэргийн  ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээр шийджээ.

    Ноён Расмуссен НҮБ-ын мандатыг онцолсон нь хачин санагдана. НАТО эвслийн Ливид явуулж буй ажиллагаа АЗ-ийн 1973 тоот  тогтоолын хүрээнээс аль хэдийнэ хальж, хурандаа Каддафийг баривчлах зорилготой арга хэмжээ болж хувирав. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын мэдэгдсэнээр үүнээс хойш Москва хэний ч үг ярианд итгэхгүй хийгээд ийм тогтоолд «хүч хэрэглэх хязгаарыг нарийн тодорхойлохыг» шаардана.

      Ливийн ард түмнийг хамгаална гэсэн нь ч эргэлээтэй болж хувирлаа. Триполийн мэдээлснээр бол бөмбөгдөлтийн уршгаар 700 гаруй энгийн номхон иргэд амь үрэгджээ. Ливийн ард түмний хамгаалалт гэгч нь тэдгийг хөнөөх хэрэг болсон гэж Францын ГХ-ийн сайд асан нэрд гарсан өмгөөлөгч Ролан Дюма албан ёсоор хэлсэн юм. Ливийг бөмбөгдөх ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр  Каддафийг ливийн дотоодын зохицуулалтын асуудлаархи хэлэлцээнд үл оролцуулах зорилготой. Түүнийг хөнөөх эсвэл улс орноо орхиж явахад нь албадах замаар л ийм зорилгод хүрэх  боломжтой.

     НАТО-гийн ажиллагаа энх тайван үйл явцад  саад учруулахад чиглэгдсэн гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. Зуучлах тухай бүх үг яриа бол цэргийн ажиллагааны нэгэн ёсны «мэдээллийн халхавч» мөн гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн  Араб ба лал судлалын төвийн удирдагч Александр Филоник үзэж байна. Тэрээр хэлэхдээ «НАТО-гийн төлөөлөгчдийн хоёр нүүрт бодлого үүгээр тод илэрч байна. Ямар нэг ахиц дэвшил гаргахыг оролдож байгаа мэтээр харуулж оросын талыг эдгээр үйл явцад оролцохыг уриж байгаа нь олон нийтэд сайнаар үзэгдэх зорилготой. Үнэн чанартаа эвсэл зорилгоо хатуу тууштай биелүүлж байна. Энэ нь ливийн эрх баригч дэглэмийг устгах зорилго» гэлээ.

     ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума саяхан Ливид айлчилж, «замын зургийн» талаархи Африкийн холбооны байр суурийг батлав. Бүх талаас гал зогсоож, хэлэлцээ хийж эхлэх тухай  «замын зурагт» заажээ. Москва эдгээр саналыг дэмжив. Африкийн холбооны саналуудын үндсэн дээр л зуучилж болно гэж Орос улс үзэж байна. Энэ нь Каддафийг түлхэн унагахыг санаархсан өрнөдийн түншүүдийн саналтай нийцэхгүй байна.

     НАТО-гийн ажиллагааг Ливид дахин гурван сар үргэлжлүүлэх шийдвэрийн тухайд гэвэл  тус орны байдлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. «Хүч хэрэглэснээр юу ч хийж чадахгүй» гэж сайд өнөөдөр Москвад Болгарын ГХ-ийн сайдтай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.  Мэдээжээр  цуст  ажиллагааг аль болох түргэн зогсоож, шинэ Ливийг бүтээн байгуулах зарчмуудаар тохиролцохын тулд байдлыг улс төрийн голдрилд шилжүүлэх хэрэгтэй гэж Лавров онцлов. Сайдын хэлснээр бол ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жекоб Зума Ливиэс явангуут л НАТО бөмбөгдөлтөө сэргээсэн  явдал эдгээр хүчин чармайлтад туслахгүй. Тэгэхдээ энгийн барилга байгууламжуудыг урьдынхаасаа илүү эрчимтэй бөмбөгдөж байна…