2030 он гэхэд дэлхийд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ хүн амын өсөлт, дэлхийн  агаарын дулааралаас болж хоёр гаруй дахин нэмэгдэнэ гэж Oxfam олон улсын буяны  байгууллага үзэж байна. Хүнсний нөөцийн төлөөх дэлхийн шинэ дайн ойрын жилүүдэд дэгдэж болзошгүй гэж шинжээчид таамаглав.

     Төр засгийн тэргүүнүүд зохих арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа үр тарианы  үнэ 120-180 хувиар өсөн нэмэгдэнэ гэж тус байгууллагаас анхааруулжээ. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн байдлыг сайжруулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх  олон улсын санг байгуулахыг буяны байгууллагаас дэлхийн тэргүүлэх орнуудын удирдагчдад уриалжээ.  «Хэрэв бид цаг уурын өөрчлөлт, хүнсний бүтээгдэхүүнийн үнийн эрс өсөлт болон газар талбай, ус, эрчим хүчний дутагдалын  асуудлыг шийдвэрлэх бодолтой байгаа бол  хүнсний бүтээгдэхүүний хуваарьлалтын системийг хянаж үзэх ёстой» гэж Oxfam олон улсын байгууллагын тэргүүн Барбара Стокинг мэдэгдлээ.

   Италийн нэрд гарсан олон нийтийн зүтгэлтэн, нийтлэлч Жульетто Кьеза түүнийг  дэмжин хэлэхдээ «Нөөц шавхагдан дуусч байгааг бодит  баримтууд нотлож байна. Нефть болон өөр төрлийн нөөц ойрын хэдэн жилд дуусах төлөвтэй. Дэлхийн хамтын нийгэмлэг байдал ийнхүү өөрчлөгдөхөд бэлэн бус байна. Бидний соёл иргэншил  дахин сэргэхгүй нөөцийн хэрэглээнд түшиглэсэн. Нөөц шавхагдаж дуусвал бид сандарч, хүнд байдалд орно. Нөөцийг булаан эзлэхээр хуч хэрэглэж болзошгүй. Өөрөөр хэлвэл хүнсний дайн дэгдэж мэднэ. АНУ,Хятад болон бусад улс орнууд ийм хүнсний дайнд бэлдэж байгааг олонхи хүмүүс мэдэхгүй байна» гэв.

    Oxfam дэлхийн хүнсний бүтээгдэхүүний системийг шинэчлэх хэд хэдэн арга хэмжээг  « Их хорид» санал болгов. Хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн салбарт олгох татаасыг багасгаж, хөгжиж байгаа орнуудын тариачдад илүү их тусламж үзүүлвэл зохино гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн  илтгэлийг зохиогчид таваарын биржэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрүүдийн эргэн тойрны дамын ажиллагааг хязгаарлахыг санал болгов. Ийм ажиллагаа их хэмжээний ашиг олох боломж хөрөнгө оруулалтын сангуудад олгож, үнийг санаатайгаар нэмэгдүүлэхэд хүргэж байна. Энэ оны 4-р сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг жилийн өмнөхөөс гуравны нэгээр илүү өндөр байв. Энэ нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн байдалтай холбоотой гэж Oxfam олон улсын байгууллага үзэж байна.«Бүгдийг тэжээхэд хүрэлцээтэй хэмжээний хүнс хоол дэлхийд байсан ч дэлхийн долоон хүний нэгэн нь өлсөж байна гэж Барбара Стокинг хэллээ.

      Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын санг цаг уурын асуудлаархи олон улсын дээд хэмжээний уулзалт 12-р сард ӨАБНУ-д нээгдэхийн өмнө байгуулахыг Oxfam санаачлав. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг удирдах шинэ дүрэм тогтоохыг бас санаачилжээ. Тухайлбал Oxfam хүнсний бүтээгдэхүүний стратегийн нөөцийг нэмэгдүүлж, фермерийн жижиг аж ахуйд хөрөнгө оруулж, био түлш үйлдвэрлэхээр хүнсний бүтээгдэхүүний ургамал тариалах практик ажиллагааг эцэслүүлж, түүхий эд худалдах зах зээлийн байдлыг ил тод болгохыг шаардаж байна.