Сири улсад бүх нийтийн өршөөл зарлалаа. Энэ нь “ Лалын ах дүүс” хөдөлгөөний идэвхтнүүд, коммунистуудыг оролцуулаад бүх улс төрийн урсгалуудад хамаарах юм байна. “Лалын ах дүүс” хөдөлгөөн лалын шашинтай ихэнх улсуудад үйл ажиллагаа явуулдаг ба шариатыг сурталчилдаг юм. Сири улсад энэ хөдөлгөөнийг 1982 оноос хориглосон билээ. Тэр үед энэ хөдөлгөөний идэвхтнүүд тус улсын улс төрийн хүчний балансыг эвдэж “сирийн Чеченийг” бий болгохыг санаархасан юм. Одоогийн ерөнхийлөгчийн эцэг Хафез Асадын эсрэг боссон зэвсэгт бослогыг харгис хатуугаар нухчин дарсан билээ. Хэдэн мянган хүний амь насаар улс оронд тайван байдлыг тогтоосон юм.

   Засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан, өршөөл үзүүлэх зарлиг гаргахад ерөнхийлөгч Башар Асадыг хүргэсэн бололтой. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөн Иордантай хил залгаа Дераа хотод 3-р сарын дундуур эхэлсэн бөгөөд бусад бүс нутгууд болон Дамаскт үсэрхийлсэн юм. Аюулгүй байдлын хүчинтэй мөргөлдсний улмаас 1062 хүн амь насаа алдсан гэж 5-р сарын сүүлчээр арабын хууль хамгаалах байгууллага мэдэгдсэн билээ. Башар Асад сөрөг хүчинд бага багаар бууж өгч байна. Улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлж байгаа нь нийгмийн сөргөлдөөнийг намжаах гэсэн шинэ алхам юм. Үүнтэй холбогдуулж дорно дахины судлаач, түүхч Владимир Ахмедов анхааруулахдаа «Эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа хүмүүсийг харгисаар хэлмэгдүүлж байгаа болон хүчирхийлэлийг зогсоох талаар Сирийн төр засаг одоохондоо зарлаагүй байна. Олон хотууд хуягт техникийн бүслэлтэд байна. Эсэргүүцлийн ажиллагаа намдахгүй харин ч  газар нутаг нь өргөжсөөр байна. Хүчирхийлэл үргэлжилж байгаа ийм үед өршөөл зарлаж байгаа нь Асадын маневр хийх гэсэн арга байх. Шинэчлэл хийх ёстой гэсэн заалтыг биелүүлэхэд төр засаг бэлэн байгаагаа Барууныхан болон АНУ-д харуулах гэсэн дохио бололтой»  гэлээ.

    Энэ нь улс орон нь ардчилалын тал руу чиглэж байгааг харуулахыг хичээж боломж гарвал олон улсын тусламж авах гэсэн санаа бололтой. Сирийн ерөнхийлөгч улс орондоо улс төрийн өөрчлөлт шинэчлэл хийх тийшээ шийдвэртэй алхам хийхгүй байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн байна.

   Одоо НҮБ-ын АЗ-д бэлтгэж байгаа сирийн эсрэг тогтоолын төсөлд энэ байр сууриа Вашингтон тусгахыг хичээх болно. Дамаскт хэт дарамт үзүүлэх нь Сири улсад тогтовортой байдлыг сэргээхэд тус болохгүй гэдгийг Хятад улс санууллаа. Шинэчлэл хийх шаардлагатай гэсэн уриалгыг Сири улс хүлээж авч байгаа гэж ОУ үзэж байна. Сонгуулийн системийг ардчилах тухай өөрчлөлтийг Үндсэн хуулинд оруулах төслийг ерөнхийлөгч Башар Асад тарааж байгааг “зөв алхам” гэж Сергей Лавров нэрлэсэн байна. Шинэчлэл өөрчлөлт хийх гэсэн Дамаскын санааг ерөнхийлөгч Д.Медведев дэмжиж байгаа бөгөөд аль болохоор хурдан ажил хэрэг болгохыг уриалж байна. Сирийн сөрөг хүчин үүнийг төр засаг яриа хэлэлцээ хийхэд урьж байна гэж ойлгох хэрэгтэй гэж Москва үзэж байна.

    Лхагва гаригт сирийн сөрөг хүчний их хурал Түркт эхэлсэн гэж дорно дахиныг судлагч Владимир Ахмедов мэдээллээ. Энэ их хуралд Сири улсаас болон сирийн цагаачид амьдардаг улсуудаас ирсэн хэдэн зуун хүн оролцож байна. «Төр засагт болон Сири улсын ерөнхийлөгч өөрт нь энэ нь маш чухал юм. Үндэсний яриа хэлэлцээг хэнтэй хийх нь одоо тодорхой бус байгаа.Харин жагсагчдыг хуйвалдагчид, дээрэмчид гэж үзэж байгаагаа Дамаск орхиогүй байгаа юм. Тэдэнтэй үндэсний яриа хэлэцээ хийнэ гэдэг бол утгагүй зүйл юм. Түркт энэ өдрүүдэд яриа хэлэлцээ хийж болох бодит сөрөг хүчин бий болж байгаа бололтой»  гэж Владимир Ахмедов хэллээ.

   Өнөөдөр Сири улсыг алавит шашны цөөнх удирдаж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Башар Асадын гэр бүл ч тэднээс гаралтай юм. Алавитчууд арми, тусгай албаны гол гол албан тушалуудыг хашиж байгаа. Суннитын олонх л энэ нөхцөлд засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг дэмжмээр юм. Үгүй дэмжихгүй байна, учир нь тэд бизнесийн бүх гол байр суурийг эзэлдэг юм байна. Тогтвортой байдлыг хангаж байсан БААС намын дэглэм тэдэнд хэрэгтэй байгаа юм гэж Ахмедов  хэлээд «Сири улсад шашин хоорондын мөргөлдөөн болох бодит нөхцөл нүүрлээгүй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа ихнэх хүмүүс шашны бүх урсгалд хамаарч байгаа юм. Одоогийн олон нийтийн хөдөлгөөнийг хэт үзэлтэй этгээдүүд ашиглаж шашин хоорондын мөргөлдөөн болгож хувиргахаас сэрэмжлэх хэрэгтэй» гэж гэв.

   Сирийн нөхцөл байдалд буруугаар нөлөөлөх юмуу гадны хүчин хөндлөнгөөс оролцох аргагүй. Сири улсад хэт өөрчлөлт хийж болохгүй учир нь хөршүүд нь олон шашинтай, олон  үндэстний улсууд.