Өнгөрсөн бямба гаригт москвагийнхан нийслэлээс гарч явалгүй Ази Номхон далайн бүс нутгийн олон орны соёлтой танилцах сайхан боломжтой байсан. «Худалдаж авснаараа та тэдэнд туслаж байна» буяны яармагт  ирсэн хүмүүус боломжоо ашиглав. «Рэдиссон Славянская» зочид буудалд дорно дахины халуун ногооны хамар цоргисон үнэр, энэтхэг аялгуу, үндэсний өнгө өнгийн хувцасаараа гоёсон хүмүүс зочдоо угтав. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын  элчин сайд нарын гэргий нар түүний дотор Монгол улсын элчин сайдын гэргий буяны арга хэмжээг зохион байгуулжээ.  Энд хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эмэгтэчүүдийн сонирхолыг татах эд зүйл  зонхилов. Арга хэмжээг сонирхож ирсэн эрэгтэйчүүд азийн зоогноос хүртлээ. Дорнод дахины хоол ундаар москвагийнханыг гайхшруулахад хэцүү. Сүүлийн жилүүдэд Москвад япон, хятад, тайланд, солонгос, энэтхэгийн маш олон ресторан ажиллаж эхлэсэн.Харин  тогооч нарын үлэмж хэсэг нь оросууд болохоор орос хоолны содон  амтыг бас оруулж байна. Буяны яармаг  дээр улс орон бүр гэр  гэртээ хийсэн  үндэсний хамгийн амттай зоогоо сонирхуулав.

   Мөн тэр өдөр урлаг сонирхогчид дуртай зургийг сонгон худалдаж авлаа. Азийн зураачдын олон зургийг  үнэ хаялцуулж худалджээ.  Мөн Өмнөд Солонгосоор аялахаас аваад бэлэг дурсгалын сав суулга, тайландын иллэг эмчилгээ хүртэл янз янзын шагналыг сугалуулж олгов. Арга хэмжээг сонирхож ирсэн москвагийн оюутан Мария сэтгэгдлээ хэлэхдээ «Маш олон зүйл содон харагдсан. Янз бүрийн үндэсний хувцас маш их таалагдлаа. Энэ арга хэмжээ ахар богино хугацаанд олон орны соёлтой танилцах гайхамшигт боломж олгов. Зохион байгуулагчид нь ирсэн хүмүүсийг элэгсэг дотно хүлээн авч, бэлэг дурсгалын зүйлүүдийг сонирхуулан дуртайяа танилцуулж байна.Үндэсний зарим хоол зоогноос авсан. Одоохондоо амсаж амжаагүй. Мөн зуны малгай, гоёл чимэг худалдаж авлаа. Эд бүхнийг ээж эгчтэйгээ гурвуулаа хэрэглэнэ» гэв.

   Ази Номхон далайн бүс нутгийн  орнуудын элчин сайдын яамдын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  буяны  арга хэмжээг байнга зохион явуулдаг. Гол төлөв элчин сайд нарын гэргий нар түүнд оролцож байна. Үүнээс олсон хөрөнгө  москвагийн ба Москва орчмын хүүхдийн асрах газруудад шилжүүлдэг. Оросын хүүхдийн хоёр асрах газрын хүүхдүүд энэ удаагийн  буяны яармагт оролцож, гараараа хийсэн бэлэг дурсгалын зүйлүүдээ  худалдав.