ОХУ-д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа Монгол улсын ерөнхийлөгч ноён Элбэгдоржийн ажлын хоёр дахь өдөр маш шахуу байлаа. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевтэй хэлэлцээр хийж хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Өдөр нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшин, Төрийн Думын дарга Борис Грызлов нартай уулзлаа. Харин орой нь ОХУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Владимир Путинтэй уулзсан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн мэдээлснээр тэрээр нилээн ядарсан байдалтай байжээ. Хэлэлцээрүүд нилээд хүнд төвөгтэй байсан боловч олон асуудлыг шийдэж чадсан байна. Өглөө эртлэн ноён Элбэгдорж, “Сапсан” хурдны галт тэргээр ОУ-ын хойд нийслэл Санкт-Петербург хотыг зорилоо. Монгол улсын ерөнхийлөгч энэ хотын түүх, соёлын дурсгалын өвтэй танилцах юм. Өнөөдөр тэрээр тус хотын гол музейнүүд Эрмитаж, Агуу Петрийн нэрэмжит угсаатны болоод хүн судлалын Кунсткамерийг үзэх болно. Орой нь Дуурь, бүжгийн Мариин театрт Чайковскийн “Щелкунчик”бүжгэн жүжгийг үзэж сонирхно. Санкт-Петербургт хийж байгаа айлчлал бүслэлтийн үед амь насаа алдсан тус хотын иргэдийг нутаглуулсан Пискаревийн оршуулгын газарт цэцэг өргөснөөр эхллээ. Дараа нь ноён Элбэгдорж, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн монголч эрдэмтэдтэй уулзна. Эрдэм шинжилгээ судалгааны энэ төвд Монгол улсын үнэ цэнэтэй  гар бичмэл, ном судрууд хадгалагдаж байгаа билээ.