Ливид босогчдыг Каддафийн дэглэмтэй  эвлэрүүлэх замыг эрсээр байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумын гэнэт Триполид хийсэн айлчлал үүнийг нотлон харуулав. Тэрээр Ливийн дотоодын  яриа хэлцээг төлөвшүүлэхийг энэ оны 4-р сард оролдсон Африкийн холбооны дээд хэмжээний бүлгийг тэргүүлж байна.

  Жейкоб Зумын Триполид авчирсан саналууд нэг сарын өмнө дэвшүүлснээс  бараг ялгаагүй байна. Энэ нь Ливийн байдлыг эв зүйгээр зохицуулах «замын зураг» гэгч юм. Энэ баримт бичгийн дагуу  гал зогсоож, ардчилсан сонгууль явуулахын тулд шилжилтийн үе тогтоох ёстой. Мөн НАТО эвслийн нисэх хүчин Ливийн нутаг дэвсгэрийг бөмбөгдөхөө зогсоох ёстой. Босогчдын төлөөлөгчид- Үндэсний шилжилтийн зөвлөл «замын зургийг» няцаав. Учир нь Муаммар Каддафи огцрох тухай түүнд өгүүлээгүй байна. Өрнөдийн эвсэл ч мөн санаачилгыг дэмжсэнгүй.

   Гэсэн ч Африкийн холбоо саналаа өөрчлөхгүй байна. Каддафийн хувь заяаны асуудлаар хэлэлцээ хийж эхлэхээс өмнө цуст ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж Африкийн холбоо зүй ёсоор үзэж байна. Мөргөлдөөнийг зогсоох ёстой гэж Жейкоб Зума Триполид хэлэлцээ хийж дуссаныхаа дараа мэдэгдлээ. Мөргөлдөөн улам  хүндэрч, Ливид ч Каддафид ч эрсдэл дагуулж мэднэ. Зума хурандаагийн амь  насны тухай ярьсан нь  дамжиггүй. ӨАБНУ-ын тэргүүн НАТО эвсэл байнга бөмбөгдөж байгаа нөхцөлд Ливид айлчилалаа. Хурандаа улс төрчийн хувьд огцрох ёстой гэж дэлхийн хамтын нийгэмлэг санал нэгтэй үзэж байна. Гэвч нэг тал нь хүчээр шахалт үзүүлэх, нөгөө нь хэлэлцээ хийхийн төлөө байна. Тэгтэл цуст ажиллагаа үргэлжилж, ямар ч гэм зэмгүй хүмүүс амь үрэгдсээр  байна гэж  Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Борис Долгов хэлээд «Дан нисэх хүчний дайралтаар Каддафийн дэглэмийг түлхэн унагааж болохгүй. Ийм ажиллагаа бүр хоёр сар үргэлжилж байна. Гэвч мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй. Миний бодоход юм бүхэн сөрөг хүчнийг дэмжиж буй  орнуудын удирдагчдын байр сууринаас шалтгаалж байна. Каддафийг яаж огцоруулах нь өөр хэрэг. Каддафи нэр нүүрээ барсан учир цаашдаа засгийн эрхэнд байх нь өнөөгийн бодит нөхцөл байлдалд харшилана» гэв.

   Саяхан «их наймын» дээд хэмжээний уулзалтад оролцогчид Ливийн хямралыг зохицуулах асуудлаар зуучийн үүрэг гүйцэтгэхийг Орос улсад санал болгов. Африкийн холбооноос хүчин чармайлтаа хойшид ч гаргана. Харин Москва л босогчидтой болон Каддафийн төлөөлегчидтэй тайван харилцаж чадахыг сүүлийн үеийн үйл явдлууд харуулав. Зүй ёсоор огцрох боломж Жамахирийн толгойлогчид олгохын тулд Африкийн холбооны «замын зураг» гэгчийг ашиглаж болно. Тэр тусмаа Каддафийг хүрээлэгсэд үүнийг ойлгож байна. Өрнөдийн олон нийт ч асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх саналыг дэмжиж эхлэв. Францын нэрд гарсан өмгөөлөгч Жак Вержес, Францын ГХЯ-ны тэргүүн асан Ролан Дюма нар НАТО эвслийн бөмбөгдөлтэд хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүдийн өмнөс Гааг дахь Олон улсын шүүхэнд зарга мэдүүлнэ. Ливийн энгийн номхон хүн амыг хамгаалах эвслийн ажиллагаа эцэст эдгээр хүн амыг устгах уршиг тарисан гэж Роллан Дюма зүй ёсоор тэмдэглэжээ.