Сөрөг хүчинтэй энхийн хэлэлцээр хийхэд Ливийн тэргүүн Муаммар Каддафи бэлэн байна гэж Триполид Жамахирийн тэргүүнтэй даваа гаригт уулзсаныхаа дараа ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума  мэдэгдлээ. Африкийн холбооны боловсруулсан энхийн зохицуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд Каддафи бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна. Галыг нэн даруй зогсоож, ардчилсан сонгууль хийхэд бэлтгэх зэрэг асуудлыг энэ төлөвлөгөөнд тусгасан юм. Каддафиг нэн даруй зайлуулах асуудлыг оруулаагүй гэсэн шалтгаанаар ливийн сөрөг хүчин Африкийн холбооны төлөвлөгөөг хүлээж аваагүй билээ. Муаммар Каддафигийн засгийн газрын хэд хэдэн гишүүнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж ливийн сөрөг хүчин саяхан мэдэгдсэн юм. Урьдын засгийн газарт ажиллаж байсан олон нэр хүндтэй хүмүүс тэдний дунд байгаа учраас бид тэдэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Тэд ирээдүйн Ливийн засгийн газарт ажиллах боломжтой. Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль “Раша Тудей” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдсэн байна. Хэрвээ сөрөг хүчин засгийн эрхэнд гарах юм бол “Ливи улсын урьд нь хүлээж байсан бүх үүргийг дагаж мөрдөх болно” гэж тэр тэмдэглэсэн байна.