“Фукусима-1”АЦС-ын байдлыг “Токио электрик пауэр”  компани он дуустал тогтворжуулж чадахгүй. Японд томоохонд ордог энэ компанийн өндөр албан тушаалын төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд нэрээ хэлэхийг хүсээгүй юм.Долоон сар гэхэд цацраг идэвхт бодисын алдагдлыг бүрэн зогсооно гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм. Хамгийн их эвдэрсэн гурван реакторын температурыг багасгаж 99 градус болгоход хагас жил хэрэгтэй гэж оператор компани үзэж байсан билээ. Хэрвээ ингэж чадсан бол хөргөлтийн зогсоолт гэдэг хэлбэрт оруулж болох байсан юм.Ингээд төлөвлөгөөний график зөрчигдөхөд хүрлээ. Гурван реакторт хөргөлт хийгдээгүй учраас цөмийн түлш хайлсан нь тодорхой болжээ. Байдлаас ажихад реакторын их биеийг хайлуулсан ба гадаргуу нь гэмтсэн бололтой. Үүнээс болж түүнийг хөргөхийн тулд ус цутгах боломжгүй болж бин битүү байдал алдагдаж байгаа юм. Хэрвээ ус цутгавал гадагшаагаа алдагдах аюултай. Цөмийн цацраг идэвхжилтийн салбарын шинжээч Максим Шингаркин «Оросын дуу хоолой»  радиод ярилцлага өгөхдөө байдлыг ийнхүү тайлбарлалаа. «Энэ мэдэгдэл нилээд хоцорч ирлээ. Оператор компани мэдээлэлийг санаатайгаар удааж байна. Ослын дараа ямарч найдваргүй устаж байгаа хөрөнгөө аврахын төлөө тус компани тэмцэж байгаа нь нэг тайлбар болоод байна. Тус компани бодитой ажиллагаа явуулж чадахгүй байна тийм учраас түүний ажилд гадаадын өндөр мэргэшлийн мэргэжилтнүүд оролцохоос тэд болгоомжилж байгаа юм. Ослын хор уршгийг арилгах зөвлөлдөх байгууллагыг гадаадын мэргэжилтнүүд дөнгөж сая байгуулж байгаа нь ч үүнтэй холбоотой. Хамгийн гол нь мэдээлэлийг нууж байгаа нь хүрээлэн байгаа орчныг бохирдуулахад шууд нөлөөлж байгаа ба тэнгист өндөр идэвхжилттэй цацраг идэвхт материалууд ороход хүргэж байна» гэлээ.Ослын хор уршигтай цаашид яаж тэмцэхээ мэдэж байгаа гэж компанийхан ярьж байна. Цацраг идэвхт усыг цэвэрлэх 650 сая долларын үнэтэй төхөөрөмжийг тус станцид байрлуулахаар энэ компани төлөвлөж байна. Станцийн хонгилд болон хөргөх системд 80 мянган тонн бохирдсон ус хуримтлагдаад байна. Энэ усыг цэвэрлэсний дараа реакторыг хөргөхийн тулд буцааж цутгах юм. Энэ ус тэндээс брешээр дамжиж доод хонгил руу гоожино, тэндээс нь дахиад соруулж аваад цэвэрлэх төхөөрөмж рүү оруулна. Олон удаа бохирдсон хортой усыг цэвэрлэх технологийг байнга төгөлдөржүүлж байх ёстой, иймээс ус цэвэрлэх өртөг нилээд өсөх байх гэж АЦС-ын оператор компани үзэж байна. Ийм эргэлтийн систем нь зуны хар салхины аюулыг давж чадахгүй гэж японы цөмийн мэргэжилтнүүд үзэж байна. Нэгдүгээрт, 3-р сарын 11-ны дэлбэрэлтийн дүнд эрчим хүчний гурван блокын дээврийг сүйтгэсэнтэй энэ нь холбоотой билээ. АЦС-ын оператор компани энэ цоорхойнуудыг тусгай зориулалтын полиэтилен даавуугаар хучина гэж үзэж байгаа ч станцийн удирдлагууд энэ арга хэмжээ үр дүнтэй гэдэгт эргэлзэж байгаа юм. Үүнээс гадна үргэлжилсэн аадар бороо хөрсийг зөөлрүүлж станцийн байрны доод байгууламжуудад нэвтрэх усны хэмжээг нэмэгдүүлж мэдэх учир ажил улам хүндрэх болно. Эдгээр таамагууд одоо батлагдаж эхлээд байна. Хоёр хоног үргэлжилсэн аадар борооноос болж нэг реакторын усны түвшинг 20 сантиметрээр дээшлүүлсэн байна. Бусад эрчим хүчний блокуудын байранд ч байдал түгшүүртэй байна. Реакторуудын худаг болон турбинын танхимд борооноос болж 85 тонн радио идэвхт ус хуримтлагдаад байна. Тусгай зориулалтын синтетик давирхайгаар боловсруулж амжаагүй байгаа станцийн гадна талын талбайд энэ ус урсаж байна. Энэ давирхайгүйгээр радио идэвхит тоосны тархалтыг зогсоох аргагүй юм. Оросын Алс Дорнодод хөлөг онгоц, усан онгоц дээр болон газар дээр байрлуулсан 630 хөдөлгөөнт болон байнгын станциуд цацраг идэвхт бодист хяналт тавьж байна. Радио идэвхт бодисын хэмжээ хэвийн бөгөөд хүмүүсийн амь насанд аюул учруулахааргүй байна. Өнөөдрөөс эхлээд хоногт хоёр удаа хэмжиж байснаа цөөрүүлж нэг удаа болгосон ба станцууд жирийн дэглэмээр ажиллаж эхэллээ. Японд болсон цөмийн ослоос үүссэн цочирдол  дэлхий даяар намжихгүй байна. 2022 он гэхэд одоо ажиллаж байгаа бүх АЦС-уудыг ашиглалтаас гаргана гэж ХБНГУ-ын засгийн газар шийдвэрлэлээ. Ийм хориг тавьсан анхны улс нь Герман боллоо.