Орос улс үр тариагаа гадагш нийлүүлэх хоригоо 7-р сарын 1-ээс зогсооно гэж ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Засгийн газрын мэдээлснээр бол ургац сайн авна гэж таамагласан хийгээд илүүдэл үр тарианы  хэмжээ дотоодын хэрэгцээг бүрэн хангах  төдийгүй гадаад нийлүүлэхэд хангалттай болно. Энэ арга хэмжээ дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн байдлыг тотворжуулна. Үнэ нь ч 15 хувиар буурч болзошгүй гэж шинжээчид тэмдэглэв.Үр тарианы экспортыг цаашид хориглох нь  үндэслэлгүй болсон гэж Оросын эдийн засгийн хөгжлийн яам мэдэгдлээ. Шинжээчид ба худалдагчид энэ байр суурийг сайшаан дэмжиж байна. Энэ оны улаан буудайн ургац төлөвлөсөн 70 сая тонноос давж, дотоодын хэрэглээг бүрэн хангана гэж таамгласныг «Совэкон» магадлан шинжлэх төвийн захирал Андрей Сизов тэмдэглэн хэлээд «Экспортыг сэргээх нь зүй ёсны хэрэг юм. 1-рт энэ онд 80-85 сая тонн үр тариа хураана гэж таамагласан. Харин дотоодын хэрэглээнд 68 сая тонн шаардагдана.Түүнээс гадна улсын тогтворжуулах сан нэлээд их хэмжээний үр тариа нөөцлөсөн. Иймээс үр тарианы хэрэгцээг бүрэн хангана. Орос улсаас бараг 15 сая тонн үр тариа гадаадын зах зээлд нийлүүлэх боломж байгаа» гэв. 2010 оны 8-р сард Орос улс ур тариагаа гадаадад гаргахыг хориглосон юм. Тэр үед ган гачиг ургацын гуравны нэгийг устгасан учраас үр тариа ховордож, дотоодын зах зээлд үнэ нь эрс өсөн нэмэгдэхээс сэрэмжлэх зорилгоор экспортыг хориглосон билээ. Хоригийн  хугацааг сунгах нь дотоодын үйлдвэрлэгчдийн байдалд зохисгүй нөлөөлж болно гэж шинжээч онцлоод «Эдүгээ манайд үр тарианы үнэ нэлээд хямд байна. Экспортыг сэргээхгүй бол улам хямдрана. Энэ нь ирэх оны ургацын  хэмжээг тодорхойлох тариалангийн кампанит ажиллагаанд муугаар нөлөөлөх юм. Өвөлжих үр тариа манайд үлэмж хэсэгийг эзлэж байгааг дурдая. Өвөлжих үр тариа тариалах шийдвэр ойрын саруудад гаргана» гэв. Экспортыг хориглох шийдвэрийг хүчингүй болгох нь үнэ эрс нэмэгдсэн дэлхийн зах зээлийн байдалд  нааштай нөлөө үзүүлнэ. Одоо дэлхийн биржэд 1 тонн улаан буудайн үнэ 330 доллароос хэтэрсэн. Оросын үр  тарианы эрэлт ямагт их байгаа учир  экспортыг сэргээх нь үнийг тогтворжуулах үр дунтэй болно гэж шинжээчид үзэж байна. Юуны түрүүнд экспортод нь тэргүүлж буй улаан буудай, арвайн тухай өгүүлж байна. Нөгөө талаас экспортоо сэргээх явдал дэлхийн зах зээлд Оросын тэргүүлэх байр суурийг бэхжүүлнэ гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Борис Фрумкин үзэж байна. «Ган гачигаас болж үйлдвэрлэл эрс унасан өнгөрсөн он хүртэл Орос  үр тарианы экспортын хэр хэмжээгээр дэлхийд 3-р буюу 4-р байр эзлэж байсан. Өөрөөр хэлвэл жилд бараг 20 сая тонн үр тариа гадагш гаргаж байлаа. Энэ нь маш өндөр үзүүлэлт юм. Өнөөгийн ургац  экспортод хангалттай байгааг Орос харуулав. Энэ онд үйлдвэрлэлийн өсөлт 20 сая тоннод хүрнэ. Тэгснээр улс орон тэргүүлэх нийлүүлэгчийн хувьд зах зээлд ахин гарах боломжтой болно. Хэтдээ Орос байр сууриа улам бэхжүүлэх бололтой. Учир нь гол нийлүүлэгчдийн нэг АНУ ба ЕХ үр тарианыхаа үйлдвэрлэлийг дөнгөж тогтворжуулж, бүр  багасгаж байна» гэж Борис Фрумкин хэллээ.Гэвч дэлхийн зах зээлд Оросын нэлээд их хэмжээний чадавхийг бүрэн ашиглахын тулд хөдөө аж ахуй, үйлдвэрийн цогцолборын байдлыг сайжруулах нь зайлшгүй чухал гэж Борис Фрумкин тэмдэглээд «Манайд био цаг уурын чадавхи тийм сайн биш. Учир нь  цаг агаар эрс тэс  хийгээд зарим бүс нутгийн газрын хөрс үр шимгүй байна. Гэвч өнөөгийнхээс илүү их хэмжээний ургац хураах боломж байгаа. Засгийн гараас үр тарианы үйлдвэрлэл, экспортод тусламж үзүүлэх ёстой. Юуны түрүүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд шатахуун, тослох материал, эрдэс бордоогоор туслах хэрэгтэй. Мөн түүнчлэн төр тээврийн дэд бүтэц, төмөр зам, боомт, агуулах сүлжээг  хөгжүүлэх ёстой. Тэгвэл бид дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлж, дэлхийн экспортын 19 хувийг хангана» гэв. Таамаглал өөдрөг байсан ч дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлд аюул тугарсныг мартахгүй байхыг Орос улс уриалж байна. Нийлүүлэгч, худалдан авагчийн харилцааг зохицуулах олон улсын систем болох үр тарианы ОПЕК гэгчийг байгуулах асуудлыг ахин авч үзвэл зохино. Орос улс дэлхийн зах зээлд эргэн орсноор мөн үйл явц эрчимжинэ гэж шинжээчид үзэж байна.