Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 400 сая доллар гаргана. Орос улсын ЗГ-ын энэхүү  тэтгэлэгийг  2013 он хүртэл олгож байх юм. Улсын энэхүү тэтгэлэгийн  хөтөлбөр нь суурь судалгааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж дээрх тэтгэлэгийн эздийн нэг-Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн төгсөгч, америкийн их сургуулийн профессор Искандер Ахатов ярьж байна.Тэрээр түүнд олгосон таван сая доллароор Башкирын их сургууль дээр судалгааны төв байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ төвд нефтийн үйлдвэрийн шилдэг технологийг боловсруулах ажил явагдах юм. Оросын засгийн  газар шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх  хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа тухай Искандер Ахатов өөрийн мэргэжил нэгт орос нөхдүүдээсээ мэдсэн байна. Стратегийн зорилго нь Орос улсад дэлхийн түвшины эрдэмтэдийг татан оролцуулахдаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудаас мөн оролцуулахыг зорижээ. Чухамдаа үүний тулд мега тэтгэлгүүд нь тус бүр таван сая доллартай дүйцэх юм.  Эдгээр хөрөнгө нь оросын их, дээд сургуулиудад явагдаж буй судалгаа шинжилгээнд   үндэслэн,  уралдаант шалгаруулалтын дүнд олгодог юм. Искандер Ахатов нь  физикийн салбарт 90 гаруй эрдэм шинжилгээний  ажил туурвисан бөгөөд 2003 оноос АНУ-д багшилж байна. ЗГ-ын тэтгэлэгт оролцохдоо  Оросын түншлэх дээд сургуулиар тэрээр өөрийн төгссөн МУИС-г сонгоогүй, харин Башкирийн их сургуулийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Тэнд эрдэмтэн АНУ руу явахын өмнө ажиллаж байв.  Ингэхдээ Номхон далайн нөгөө талд байхдаа ч гэсэн төрөлх тэнхимтэйгээ байнга холбоотой ажиллаж байжээ. Зарим үед эрдэм шинжилгээний төслүүдийг тэндээс удирдан явуулж байв. Тэр тухайгаа Искандер Ахатов хэлэхдээ «Би ер нь Уфагийн хүн л дээ. Тэнд би АНУ руу явахын өмнө ажиллаж  байсан. Уфад би Оросын ШУА-ийн Механикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Тэнд  миний олон сайхан мэргэжил нэгтэй нөхөд минь, оюутнууд бий.  Мэдээж хэрэг энэ уралдааны тухай би тэднээс мэдэж авсан юм. Тэд одоог хүртэл надад  бүх талын тусламж үзүүлж байдаг юм» гэв. Эрдэмтэн Ахатов нь “дисперсын системийн эрч хүчний” онол практикийн  туршилт хийхээр лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү судалгаа нь нефтийн үйлдвэрүүдэд чухал үүрэгтэй юм.   Лабораторийг хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр болон  суперхурдтай тооцоолох техникээр   тоноглох юм.Искандер Ахатов ижил мэргэжилтэй  нөхдөө АНУ, Сингапураас урьж авчиржээ.  Засгийн газрын дэмжлэггүйгээр энэхүү ажлыг явуулах аргагүй юм гэж Искандер Ахатов ярьж байна. «ЗГ-ын энэхүү тэтгэлэг нь Орос улс шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогоо эрс шинэчилж буйг харуулж байна.  Энэ бол урьд өмнө явуулж байгаагүй онцгой арга хэмжээ юм.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явдал нь орос улсад суурь судалгаа хөгжүүлэх  нь дэлхийн бусад орнуудын нэгэн адил урьтал болж байгааг гэрчилж байна. Ийм хөтөлбөрүүд урт хугацаагаар  буюу 5-10 жиийн хугацаатай хэрэгжидэг юм.  Энэ хугацаа нь  нарийн мэргэжлийн нэгээс хоёр дахь үеийн мэргэжилтнүүд  төрүүлэх хугацаа юм. Яагаад гэвэл ийм төрлийн төслүүд нь гурван зүйлээс бүрддэг: нэгдүгээрт, боловсролын : энэ нь аспирант, магистр, мэргэжилтэн бэлтгэх; хоёрдугаарт, эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн гаргах; гурав дахь нь шинэтгэл.  Өөрөөр хэлбэл, төвийн бүх боловсруулатууд үйлдвэрлэлд нэвтрэх ёстой» гэж Искандер Ахатов хэллээ. Оросын энэхүү төслийг  эрдэмтэд талархан сонирхож  буйг өсөн нэмэгдэж байгаа статистик харуулж байна. Анхны уралдаант шалгаруулалтанд оролцохоор 500 мэдүүлэг ирсэн байв. ЗГ энэхүү хөтөлбөрийг намар хүртэл үргэлжлүүлэх болсон тухай шийдвэр гаргасан. Үүнд нэмж дөчин  мега тэтгэлэг олгохоор төлөвлөгдөөд байна. Искандер Ахатоваас: ямар учраас тэр  энэхүү уралдаанд оролцох болсон тухай нь асуухад: ”Би оросын иргэн  хүн, Орос улсынхаа шинжлэх ухааны суурь судалгааны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах л гэж зорьсон юм” гэв.