Хурдан давхихыг хүсдэгггүй орос хүн гэж байх уу? Тэр тусмаа тэсгим хүйтэнд цагаан цасан дунд манан татуулан давхихыг хүсэлгүй яах вэ?  Гурван зоригтой залуу  “Тайга”  цаснаа явагчаар туйлын цагираг дээр байрладаг дэлхийн цорын ганц хот Салехардаас гарч хүнд хэцүү замыг туулж 68 өдрийн дараа ОХУ-ын хамгийн зүүн цэг болох Чукоткагийн Уэлен тосгонд хүрсэн байна. Энэ багийнхан 3-р сарын 1-нээс, 5-р сарын 7-ны хооронд 7500 километр замыг туулжээ. Туршигчдын ярьснаар техник нэг ч эвдрээгүй бөгөөд “юмыг яаж мэдэх вэ” гэж авч явсан сэлбэг хэрэгсэл ч хэрэг болоогүй байна. Нэг ч пружин хугараагүйгээс гадна “моторжуулсан чарганы” үндсэн эд анги болох гинж нь яагаач үгүй байна. Аянд оролцогчид цагт 30 километрийн хурдтайгаар өдөр бүр 200 километр зам туулж байсан байна. Гучин хэмийн хүйтэн гэдэг амаргүй зүйл, хамгийн гол нь дэлхий дээр ямарч цаснаа явагч чарганд бүхээг байдаггүй юм. Хэрвээ жолоочын тухтай байдлыг харгалзан бүхээг хийх юм бол чарганы жин нь эрс ихсэж маневр муутай болно. 1500 километр замыг бие даан туулахын тулд чарга бүхэн 8 канистр бензин авч явахаас өөр арга байгаагүй юм.  Цаснаа явагч бүр хоол хүнс, хувцас  хэрэгсэл нийт 800 килограмм ачаатай чарга чирч явсан юм. Үзэгдэх орчин маш муу байсан ба бараг л замаа тэмтэрч, жолооч нарын ярьдгаар “сүүн дунд” л явлаа. Хойд нутгийн хувьд баймгүй ер бусын эрт хавар бас нэг хүндрэл болж байлаа. Цас бараг тэр чигээрээ хайлсан юм. Нойтон зуурмаг элсэн дундуур чарганы гинж арай гэж л мацаж байсан ба энэ замаар 70 километр явжээ. Зарим нэг хүндрэл байсан боловч замын турш онц ноцтой байдал гараагүй гэж экспедицийн оролцогчдын нэг Владимир Корольков хэлээд «Энэ аялал тэгтлээ аюултай гэж надад санагдаагүй. Би бүр их адал явдал тохиолдох байх гэж бодож байсан юм. Цаснаа явагч усанд живж түүнийг чирч гаргах, хэн нэг нь усанд унах байх гэж бодож байсан. Бурханы авралаар тийм зүйл тохиолдсонгүй. Бүх зүйл ном ёсоороо болж жижигхэн аптекээс шархны лент л хэрэглэсэн байх. Аялалд оролцогчид бүгдээрээ л эрүүл саруул сайхан явж ирлээ» гэлээ. Ийм хүнд замыг амжилттай туулахын тулд зөвхөн эр зориг, тэсвэр тэвчээрээс гадна нарийн тооцоо хэрэгтэй. Энэ маршрутыг хэдэн сарын турш боловсруулсон юм. “Нүдгүй  цасан шуурганд 100 километр явна гэж тооцох юм бол нөөцөө хоёр дахин их авч явах ёстой, хойд нутгийнхан дандаа тэгдэг юм ” гэж энэ экспедицийн багийн ахлагч Аркадий Попов тодорууллаа.Мэдээж хэрэг оросууд шинэ техниктээ л найдаж байсан юм. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол ямарч авто засвар үйлчилгээний газар тус болохгүй. Бид нэг ч удаа хиймэл дагуулын утсаар  тусламж хүсэн “бид хөдлөж чадахгүй байна” гэж яриагүй гэж тус экспедицийн туршигч жолооч Артем Калинин ярьж байна. «Энэ техникийг жинхэнэ байгалын нөхцөлд туршлаа. Миний бодлоор туршилт маш амжилттай боллоо. Энэ цаснаа явагч “Тайга” гэдэг нэрэндээ маш сайн тохирч байна. Үүнийг үйлдвэрлэж байгаа заводынхан ч өөрсдөөрөө бахархах ёстой гэж үзэж байна. Энэ машиныг маш их цастай хэт хүнд замд зориуд зориулж үйлдвэрлээгүй гэж туршигчид ярьж байна. Энэ цаснаа явагчдыг Рыбинск хотын “Русская механика” заводын конвейерээс авсан юм. Харин асаагч систем болон гэрэл хайгчийг нэмж байрлуулсан билээ. “Салехард-Уэлен” экспедицийн үеэр хуримтлуулсан туршлага цаснаа явагчийн шинэ шинэ загваруудыг турших илүү хүнд маршрутыг боловсруулахад тус болно гэж туршигч, аялалынхан үзэж байна. Цаснаа явагчаар Уэленаас Аляска хүрэх юм уу, Хойд туйлыг  эзэгнэх гэсэн шинэ хоёр аялалын    тухай аялагчид маань бодож сууна" гэж Артем Калинин хэллээ.