НАТО-гийн агаарын дайралтаас болж Ливи улсад энгийн иргэд амь насаа алдаж байгаатай холбогдуулж мөрдөн байцаах ажил явуулах ёстой гэж Францийн ГХЯ-ны сайд асан Ролан Дюма үзэж байна. Тэрээр францийн нэрт өмгөөлөгч Жак Вержетэй хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливи улсад ирсэн байна. Ливид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Франц улсын ерөнхийлөгч Николя Саркозиг буруутгаж шүүхэд өгөх ёстой гэж тэд үзэж байна гэж “Франс-Пресс”агентлаг уламжиллаа. Энгийн иргэдийг хамгаалахад чиглэгдсэн НАТО-гийн ажиллагаа одоогийн байдлаар тэдний амь насаа алдах шалтгаан болсон байна гэж Дюма Триполид мэдэгджээ. Энэ бол тусгаар улсын эсрэг үйлдсэн харгис түрэмгийлэл гэж тэр мэдэгдсэн байна. Хэрвээ Каддафиг Олон улсын эрүүгийн шүүхэд шүүх болвол Дюма өмгөөлөгчөөр нь ажиллахад бэлэн байна гэж “Рейтер” мэдээллээ.Ливийн тэргүүнийг Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд шүүнэ гэдэгт тэр эргэлзэж байна. НАТО-гийн хүчин Триполийг бөмбөгдсний улмаас 20 мянга гаруй энгийн иргэд алагдсан гэж ливийн тал мэдэгдсэн байна. Цэргийн байнд л цохилт өгч байгаа гэж олон улсын эвслийн хүчний командлал мэдэгдсээр байгаа билээ.