Йеменийн төр засаг, сөрөг хүчний талд орсон нөлөө бүхий омогийнхонтой өнөөдрөөс эхлэн гал зогсоох хэлэлцээр  байгууллаа гэж Рейтер агентлаг хоёр талын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Засгийн газрын цэрэг болон хашид омогийнхны хооронд баасан гаригт болсон мөргөлдөөнөөс болж 127 хүн амь насаа алджээ. Йеменийн нийслэл Сана хотод болж байгаа энэ мөргөлдөөн 3-р сараас хойш үргэлжилж байгаа билээ. Энэ омгийн дайнчдыг хотоос гаргах тухай энэ хэлэлцээрт заасан байна. Тус улсыг 30 гаруй жил удирдаж байгаа ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Йеменд 2-р сараас хойш үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд тус улсад хэдэн зуун хүн амь насаа алдаад байна.