Сонгууль болохоос хагас жилийн өмнө оросын парламентын улс төрийн тавцан дээр намуудын хоорондох өрсөлдөөн шүрүүсч эхэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  зүгээр нэг үзүүлэх сургууль биш сонгогчдыг татахын тулд бодитойгоор тэмцэлдэж эхэллээ.  Сүүлийн арван жилд анх удаагаа нэр төртэй, томоохон бизнесменүүд улс төрийн ашиг сонирхол, төлөвлөгөөгөө танилцуулж эхэллээ. “Нэгдсэн ОУ” намтай тэмцэж чадах хүчтэй барууны сөрөг хүчин бүрэлдүүлэх сайхан боломж бий боллоо. Хамгийн гол нь Кремль улс төрийн өөрчлөлт хийх боломжийг тавьж өгч байгаа бололтой. “Улс төрийн уур амьсгалд  өөрчлөлтийн салхи мэдрэгдэж эхэллээ” гэж энэ долоо хоногт улс төрчид хоолой нийлүүлэн ярьцгаалаа. ОУ-ын тэргүүнүүдийн хэлсэн үгийг тайлбарлаж  үг үсэггүй уншиж, зарим нэгэн далд санааг үсэгчлэн тайлбарлах дуртай хүмүүсийн хувьд сүүлийн үед улс төрийн талбар дээр болсон  онцлог үйл явдлууд  намуудын  ерөнхий байдлыг өөрчлөхийг төр засаг зөвшөөрсөн дохио боллоо. Төрийн эрх барьж байгаа намыг сөрөн зогсож чадах хүчтэй сөрөг хүчинтэй болоход найдлага тавьж байгаа бололтой гэж Станислав Белковский ярьж байна. Хүчтэй сөрөг хүчинтэй болох хэрэгцээ нийгэмд байгаа. Түрүү үеэс ялгаатай нь сөрөг хүчний гол шалгуур нь тэдний удирдагчдын хэлсэн үг болон хоосон лоозон биш төрийн эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэхэд оршиж байна. Урьд нь сөрөг хүчнийхний тэгтлээ их мэрийхгүй байсан, өөрийн гүйцэтгэх засаглалийг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэж, хэзээч эвлэрэхгүй байр суурийг баримтлах ёстой гэсэн үг. Үнэхээр нийгэмд эрх баригч намын эсрэг санал өгөх бүхэл бүтэн давхарга аль хэдийнээс бий болоод байгаа тэгэхдээ тэд хэний төлөө саналаа өгөхөө мэдэхгүй байгаа юм гэлээ. Улс төрийн тайван биш байдлын өдөөгч нь “Шудрага Орос орон” нам боллоо. Парламентын дээд танхимын дарга, тус намын  тэргүүн  Сергей Мироновын  “Нэгдсэн ОУ” намтай сөргөлдсөн явдал юм. Санкт-Петербург хотын  Хууль тогтоох хурал Мироновыг хугацаанаас нь өмнө Холбооны хурлаас татлаа. Үүний хариуд тэр Төрийн Думд орно гэдгээ амлаад үнэн хэрэг дээрээ эрх баригч намын эсрэг сөрөг хүчин болно гэж мэдэгдлээ гэж Улс төрийн технологийн төвийн тэргүүн Борис Макаренко  ярьж байна. Намын тэргүүн нь Холбооны зөвлөлийг даргалж, ерөнхий сайдад ойр байсан гэдгээрээ  “Шудрага Орос орон” нам оршин тогтнож байсан юм. Харин одоо Миронов  энэ албан тушаалаас огцорсны дараа ирэх сонгуульд тус намын нэр хүнд нилээд буурна. Тэд шинэ хүмүүсийг өөртөө татаж, шинэ ивээн тэтгэгчдийг олох ёстой. Мэдээж хэрэг төрд том суудал эзлээгүй тэргүүнгүйгээр үүнийг хийхэд хүндрэлтэй. Төрийн Думд орж чадах уу үгүй юу гэсэн асуудал  “Шудрага Орос орон” намд тулгараад байна гэлээ. Өнгөрсөн долоо хоногт “Барууны үйл хэрэг” нам санаандгүй байдлаар  өөрийгөө санууллаа. Улс төрчид бараг л оршуулаад байсан энэ намыг оросын томоохон бизнесийн нэртэй төлөөлөгчийн нэг Михаил Прохоров тэргүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Харьцангүй залуу 46 настай оргилуун сэтгэлтэй, амжилттай энэ бизнесмен эх орны улс төрчдийн хувьд шинэ цус сэлбэж байна гэсэн үг. Түүний хөрөнгө 18 тэрбум доллар гэж үнэлэгдэж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд үнэхээр их дутагдаж байгаа яруу тод ардчилсан удирдагч болж ч мэдэх юм. Намаа Төрийн Думын мандатаар хоёрдугаар байрт оруулна гэж Прохоров мэдэгдээд байна. Нийгмийн дунд ийм намын хэрэгцээ байгаа гэхдээ бодит үр дүнд хүрэх нь юу л бол гэж улс төр судлаач, депутат Сергей Марков үзэж байна. Өөрсдийгөө либералчууд гэж нэрлэдэг барууны талыг баримтладаг хүмүүс манай орны хүн амын арав гаруй хувийг эзэлдэг. Энэ хүмүүс парламентад  өөрийн төлөөлөлтэй байх ёстой. Мөн засгийн газарт Алексей Кудрин, Аркадий Дворкович зэрэг барууны талыг баримтладаг улс төрчид байна. Өөрсөдтэй нь ижил төсөөтэй үзэл бодолтой холбоотнууд парламентад байхыг тэд бас сонирхож л байгаа гэж тэр ярилаа. Прохоровын санаачлагад бас өөр нэг төлөв байгаа. Сүүлийн арван жилд анх удаа томоохон бизнесийн төлөөлөгч улс төрийн их зангаа илэрхийлэж “Нэгдсэн ОУ” намтай өрсөлдөнө гэдгээ нээлттэй зарлалаа. Засгийн газрыг хатуу шүрүүн шүүмжлэгч, нэртэй хувиараа үйлдвэрлэл эрхлэгч Александр Лебедев улс төрд орохоо бас мэдэгдлээ. Форбес сэтгүүлийн оросын тэрбумтнуудын нэрсийн жагсаалтад тэрээр 45-т ордог бөгөөд 2 тэрбум долларын хөрөнгөтэй юм. Лебедев бизнесээ орхиж байгаагаа зарлаад “Ард түмний фронтод” элсэнэ гэж мэдэгдлээ. Улс төрөөс холхон байхыг эрмэлздэг байсан оросын баячуудын ийм үйл ажиллагааг нийгмийн сэтгэл санаанд эрс өөрчлөлт гарч байгаатай шинжээчид холбон үзэж байна гэж улс төрч Борис Макаренко ярьж байна. Улс төрийн олон талыг нийгэм хүсэн хүлээж байгаа нь ил тод байна. Хамгийн дээд түвшинд Кремльд төр засгийг солино гэдгийг хүмүүс төсөөлж чадахгүй байна. Одоо үйлчилж байгаа засаглалын системийг үр бүтээлтэй шүүмжилж чадах хүчтэй, хуулийн хариуцлагатай сөрөг хүчин тэдэнд хэрэгтэй байна гэлээ. “Дулаарлын” тухай ярих нь одоохондоо эрт байна гэж улс төрчид ярьцгааж байна. Шинэ намууд “Нэгдсэн ОУ” намтай өрсөлдөх чадвартай эсэх, өөрсдийн сонгогчдоо хэрхэн дайчлаж чадах нь зуны амралтын намжмал байдал болон мэдээлэлийн улирал дууссны дараа ирэх намар л тодорхой болно.