Спортын удирдагчдыг бэлтгэж, эрдэм шинжилгээний ажил хийх  Оросын Олимпийн олон улсын их сургуулийг 2013 оны 2-р сард нээх юм. 2014 онд Сочид өвлийн Олимпийн наадмыг зохион явуулах  Оросын мэдүүлгийг өгсөн үед ийм их сургуулийг үндэслэн байгуулах санал дэвшүүлжээ. Спортын олон улсын хамтын нийгэмлэг спортын удирдагчид дутагдсан хурц асуудал гарсныг тэр үед ойлгож байсан гэж Оросын Олимпийн олон улсын их сургуулийн ерүнхий захирал Лев Белоусов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Спортын удирдлага, маркетинг сурах янз бүрийн 500 орчим хөтөлбөр дэлхийд байгаа. Гэвч ийм олон боловсролын хөтөлбөрийг нэгтгэх нэг ч сургууль байхгүй. Олимпийн наадмыг зохион явуулах нь мөн зорилтыг биелүүлэхэд сайн түлхэц үзүүлнэ» гэв. Олимпийн их сургууль бол нийт 500 сая долларын өртөг бүхий хувийн ба төрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл мөн. Энэ хөрөнгийн гуравны хоёр нь төрийн зээл, гуравны нэг нь хөрөнгө оруулагчдын мөнгө хөрөнгө юм. Их сургууль спортын удирдагч, зохион байгуулагч, сэтгүүлч, хуульч гээд 2000 орчим мэргэжилтнийг жил дутам бэлтгэх юм. Их сургуулийн удирдлага олон улсын тавцанд гарч, дэлхийн боловсон хүчний сонирхолыг татахын тулд « Спортын захиргааны мастер» боловсролын шинэ хөтөлбөрийг зохиож байна. Урьдчилан тооцоолсноор бол ойрын үед Орос улсад спортын 20 мянга орчим менежер шаардагдана. Олимпийн их сургууль боловсон хүчин бэлтгэх төдийгүй спорт, олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх асуудлыг судлана гэж Лев Белоусов тэмдэглэн хэлээд «Их сургууль Сочийн нэрийн хуудасын нэг хэсэг болоосой. Одоо ч хот өнгө төрх сайтай байна. Манай их сургууль хотынхоо дүр төрхийг тодорхойлоход зохих байр суурь эзлэнэ» гэв.Олимпийн олон улсын их сургуулийг  Сочийн төвд барьж, нэг жилийн дараа дэлхийн хамтын нийгэмлэгт танилцуулна. Их сургууль өвлийн Олимпийн наадам нээгдэхээс нэг жилийн өмнө 2013 онд бүрэн төгс ажиллаж эхлэнэ.