ПДХ системийн тухай ОУ-ын байр суурийг хавсаргасан илгээлтийг ОУ-НАТО-гийн Зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүнүүдэд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев илгээлээ. Европт хамтарсан ПДХ систем байгуулах болон стратегийн аюулгүй, тогтвортой  байдлыг дэмжих тал дээр хүлээх хариуцлагад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахад ОУ бэлэн байна гэж Лисабонын дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдэж байснаа батлаж байна гэж төрийн тэргүүн бичсэн байна. Европын ПДХ системийг Орос улсын тэгш эрхтэй оролцоогүйгээр байгуулах боломжгүй юм. ОУ-ыг оролцуулсан тохиолдолд үр ашигтай оршин тогтнох болно гэж Кремльд үзэж байна. Европын ПДХ системийн хүрээнд ОУ, НАТО-гийн хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрийн явцад Москва сэтгэл дундуур байгаа гэдгийг ерөнхийлөгч илгээлтдээ илэрхийллээ. Хоёр тал энэ асуудлаар зөвшилцөөнд хүрэх нь үгээр биш үнэн хэрэг дээрээ стратегийн түншлэлд бодитой бэлэн байгаа гэдгийн шалгуур болох ёстой. Ноднин жил Лисабонд болсон ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр урьдчилан харж болохуйц ба ил тод байдал, харилцан итгэлцлэл, хуваагдашгүй аюулгүй байдал, тэгш эрхийн зарчмууд дээр харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн билээ. Үүнээс хойш хагас жил өнгөрсөн боловч эвслийн бүх гишүүд энэ мэдэгдлийн утга учрыг адил бус ойлгож байгаа нь харамсалтай. Европын ПДХ системийн хариуцлагыг сектороор хуваая гэсэн ОУ-ын саналд энэ нь хамаарч байгаа юм. Эвслийн доторх аюулгүй байдлыг хангах үндсэн зарчмаас холдож байна гэж НАТО-гийн гишүүдэд санагдаж болох юм. Өөрөөр хэлвэл НАТО-гийн гишүүн бус улс түүний аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэсэн санаа юм. 60 жилийн өмнө бичсэн иймэрхүү шалтаг нь одоо хоцрогдсон гэж шинжээчид үзэж байна. Цаг хугацаа ч өөрчлөгдсөн, аюул занал ч өөрчлөгдсөн. ОУ-ыг дайсан гэж үзэж байсан хүйтэн дайны үеийн улиг болсон үзэл бодлоосоо НАТО-гийн зарим нэг гишүүн улсууд салах дургүй байгаатай холбоотой юм. ОУ-ын аюулгүй байдлыг хөндсөн ПДХ системийн элементүүдийг байрлуулахыг дангаараа оролдож байгаа энэ үед ПДХ системийн тухай хэлэлцээрийг мухардмал байдлаас гаргахад ерөнхийлөгчийн илгээлт дохио болж байна. Румын улсын нутаг дэвсгэр дээр америкийн пуужин амдан сөнөөгчдийг байрлуулах тухай ярьж байгаа юм. Тэдний үйлчлэх радиус нь мянган километр бөгөөд Уралын нуруу хүрнэ гэсэн үг. Тэгэхлээр ОУ-ын стратегийн цөмийн хүчинд заналхийлж таараа. Энэ нь саяхан хүчин төгөлдөр болсон СДЗ-ийн тухай гэрээнд аюул учруулна. Европт ПДХ нөөцийг байрлуулах нь стратегийн тогтвортой байдлыг бусниулахгүй, аль нэг талынхаа эсрэг чиглээгүй байх ёстой гэж Д.Медведевийн илгээлтэд онцлон заасан байгаа юм. Нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев энэ талаар ийм бодолтой байна: «Ерөнхийлөгчийн илгээлт нь Барууныхныг нэг талыг барьсан аян хийхээс нь сэрэмжлүүлэх зорилготой юм. Сургуулийн “Пэтриот” системийн батарейг ОХУ-ын хилээс холгүй Польш улсын нутагт байрлуулж,  нисэх онгоцны эскадрилийг Польш улсад дахин байрлуулах асуудлыг хэлэлцэж, ПДХ системийг байрлуулах асуудлыг шийдэж байгаа нь ОУ-ыг хариу арга хэмжээ авахад түлхэж байна» гэлээ.Тэгэхдээ тохиролцох л шаардлагатай. Харилцан буулт хийх боломжийг хэрхэн харж байгаагаа ОХУ-ын АЗ-ийн Цэргийн байгууламжуудыг удирдах газрын дарга асан, генерал Виктор Есин «Оросын дуу хоолой»  радиод ингэж тайлбарласан юм. « Москвад мөн Варшав юм уу Брюссельд мэдээлэл солилцох төвүүдтэй нэгдсэн систем байгуулаад энэ асуудлыг шийдэж болно гэж би үзэж байна. Хэрвээ ингэх юм бол ядахдаа нэг элементийг хамтруулж болно, жишээ нь, тагнуул, мэдээлэл системийг хамтруулж чадах юм бол нэгдсэн мэдээлэлтэй болж пуужингийн аюулд нэгдсэн мониторинг хийж болно. Харин цаашдаа харилцаа хэрхэн сайжрахаас шалтгаалаад бие биедээ итгэх итгэл ихсэх болно» гэлээ.ОУ-НАТО-гийн Зөвлөлийн хүрээнд 6-р сарын эхээр БХЯ-дын сайд нарын уулзалт болох ёстой. Тэр үед Европын ПДХ систем байгуулах асуудал гол сэдэв байх болно. Хамтын ажиллагааны ач холбогдолын тухай нэгдсэн ойлголт бодит байдалд гарах ёстой энэ үед ОУ-ын ерөнхийлөгчийн илгээлт хэлэлцээрт шинэ түлхэц өгөхөд чиглэгдсэн байгаа юм.