Өнөөдөр Орос улсад ой модыг сэргээх үндэсний өдөр. Өнгөрсөн зун гарсан  ойн түймрээс үүдсэн бүс нутгийн ой модыг сэргээн суулгах ажилд олон зуун сайн дурынхан туслаж байна. Оросын Рослесхоз болон Оросын газарзүйн нийгэмлэгийн санаачилсан энэхүү буянтай ажил тус улсын европын хэсгийг бараг бүхлээр нь хамраад байна. НҮБ-ын санаачилгаар 2011 оныг ой модны жилээр тунхагласан билээ. Орос улсын хувьд бол – ой мод гэдэг нь байгаль орчны тодорхой бүсээс илүү их утга учиртай байдаг юм. Түүнгүйгээр орос хүмүүсийн амьдрал, уламжлал болон олон жилийн соёлыг төсөөлөхийн аргагүй юм. Тийм учраас л өнгөрсөн зун олон зуун жилийн настай ой мод дүрэлзэн шатахад оросууд үнэхээр их харууссан юм. Ойн түймэр нь – зөвхөн эдийн засгийн тоо баримт биш юм, энэ нь хөхтөн амьтдын болон шувуудын уламжлалт амьдралын орчинг сүйтгээд зогсохгүй, газрын зураг дээр хүн амьдрах боломжгүй нэгэн газрыг бий болгож байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар өнгөрсөн зуны түймэрт ойролцоогоор 50 сая мод шатжээ. Эдгээр хохирлыг нөхөх шаардлагатай юм. Энэ ажлыг хамгийн түрүүнд ойн аж ахуйг хариуцдаг хүмүүс хийж байна. Өөрийн хувь нэмрийг сайн дурынхан оруулж байна – гэж “Оросын ой модыг хамгаалах төвийн” захирал Алексей Бобыренский тэмдэглэж байна. Ойн түмрийн асуудлаар зөвхөн мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс төдийгүй, түүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдсон маш олон хүн татагдан ороход бүх хүмүүст энэ нь хамааралтай юм гэсэн сэтгэл эрхгүй төрдөг юм байна. Өөрөө мод тарьсан хүн ой модыг сэргээх гэдэг төдийлөн хурдан түргэн ажил биш гэдгийг ойлгоно. Тэгээд ой модтой маш нямбай харьцдаг болно. Харин ойн түймэр нь ихэнх тохиолдолд галтай болгоомжгүй харьцсанаас болдог юм шүү. Хамгийн хэцүү нь удаан ургадаг тэрхүү ховор төрлийн модыг сэргээх л хэцүү. Жишээ нь: царс мод. Оросын төв хэсэгт гарсан түймрэт ихэнхдээ нарсан ой шатсан. Гэтэл тэр нь 60-80 жил ургаж байж тийм сайхан гайхамшигтай ой болдог. Өнөөдөр Москва орчимд сайн дурынхан 110 мянган хоёр настай нарсны суулгац тарьж суулгана. Энэ дүүргийн элсэн хөрсөнд нарс сайхан ургана – гэж мэрэгэжилтнүүд үзэж байна. Сэтгүүлчид оросын ой модыг дэлхийн уушиг хэмээн нэрлэж ирсэн. Орос улсад дэлхийн ногоон хөвчийн тавны нэг нь байдаг.  Улс эх орны маань ой хөвчийн баялаг хурдан ургах тусам, төдий чинээ дэлхийн хүн ам амар хялбар амьсгалах болно.