Энэ өдрүүдэд  Буддын соёлын арван хоног Оросын хойд нийслэлд эхэллээ. Энэ нь Санкт–Петербургад болж байгаа буддын шашинтнуудын 3 дахь наадам билээ. Энэ оны наадмыг буддын шашиныг Орос улс албан ёсоор хүлээн зөвшөөрсний 270 жилийн ойд зориулжээ.Санкт-Петербургийн Гүнзэчойнэй дацангаас  буддын соёлын арван хоногийг зохион явуулахаар 2009 онд санаачилжээ. Дацан 1915 онд Невийн эрэг дээр сүндэрлэн боссон юм. Тэр оросын буддын эртний сүм төдийгүй Европын анхны дацан билээ. 200 орчим буддын шашинтан ХХ зууны эхээр Санкт-Петербургад амьдарч байсан. Оросын төв бүст буддын шашинтан цөөхөн  байсан ч Оросын эзэн хаад тэдэнд ямагт найрсгаар хандан дэмжиж байв. Буддын шашиныг дэмжихээр манай оронд батласан баримт бичиг Орост энэ шашин-гүн ухааныг хөгжөөлэх эхлэл тавьсан гэж Санкт-Петербургийн дацангийн олон нийтэй харилцах  албаны удирдагч Алла Намсараева «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа мэдээлээд «1741 онд Оросын хатан хаан Елизавета Петровна  буддын шашиныг Орос улсын нэгэн шашин хэмээн зарласан тунхагийг батласан юм. Хааны гэр бүл буддын шашинд ямагт сайн хандаж байсан. 1764 онд хатан хаан 11 Екатерина Оросын буддистуудын тэргүүний албан тушаал  бий болгосон. Оросын буддистууд  үүнд талархаж, хатан хааныг Цагаан дарь эх хэмээн нэрлэсэн  юм. Тэр үеэс хойш  оросын бүх хаад, хатан хаадыг дэлхий дээрхи  Цагаан дарь эхийн хувилгаан хэмээн үзэж ирсэн юм» гэлээ.Буддын сургаалыг баримтлан мөрдөгчид болон түүнийг сонирхогчид энэ удаагийн соёлын  арван хоногийн хүрээнд  буддын сургаал, уламжлал, соёлтой  танилцана. Түүнчлэн Буриад  улс  байгуулагдаад  Оросын бүрэлдэхүүнд орсон хүртэлх түүхийг сонирхож, Николай Рерихийн уран зургуудад дүрслэгдсэн Төвдийн тухай сэдэвтэй танилцана. Эдгээр нь төлөвлөсөн арга хэмжээнүүдийн зөвхөн нэг хэсэг билээ. Санкт-Петербургийн угсаатны зүйн музей оросын буддын шашинтнуудад ер бусын бэлэг барилаа. Романов хаадын ордны 300 жилийн ойгоор эзэн хаан 11 Николайд Итгэл хамбын өргөсөн долоон эд зүйлийг  энд анх удаа дэлгэн тавьжээ. Буддистууд эдгээр нандин зүйлээ алдсан хэмээн нилээд удаан хугацаанд үзэж  ирснийг  Алла Намсараева дурдаад «Итгэл хамба Оросын буддистуудын 12 дахь тэргүүн байсан. 1913 онд тэрээр Романов хаадын ордны 300 жилийн ойгоор Буриадаас 6500 км зайтай орших Санкт-Петербургад заларан очсон юм. Тэрээр эх нутгаасаа авчирсэн бэлэгээ хааны гэр бүлийн бүх гишүүдэд өргөсөн. Үүнд нь гурван мөнгө, дөрвөн зэс эдлэл байсан. Зэс  эдлэл хааны охидод, том мөнгөн тавиурыг эзэн хаан 11 Николайд, том мөнгөн бурхныг хатан хаанд, бурхан буддыг  хүүд нь өргөн барьжээ. Бэлэглэсэн бүх эдлэлийг Оросын музейн угсаатны зүйн хэлтэст хадгалуулахаар шилжүүлжээ. Санамсаргүй тохиолдлоор тэдгээрийг халимагийн бэлэг хэмээн  бүртгэсэн аж. Саяхан музейн баримт бичгүүд дээр ажиллаж байсан нэгэн эмэгтэй ажилтан эдгээр зэс, менген эдлэлийг Итгэл хамба өргөснийг илрүүлэн тогтоосон» гэв.  Эдгээр бэлгийн жинхэнэ түүхийг илрүүлсэн явдал буддистуудын хувьд ариун  нандин бэлгэ тэмдэг болсон.  Бие цогцос нь амьд мэт байгаа Итгэл хамба 75 настайдаа бясалгал хийж байгаад 1927 онд жанч халсан юм. Түүнийг Буриадын нийслэл Улаан Үдээс холгүй нутаглуулжээ. Итгэл хамбын шарилыг 10-аад жилийн өмнө  дээшээ гаргав. Итгэл хамбын цогцос  муудаагүй байсан нь гайхал төрүүллээ. Эдүгээ Итгэл хамбын яг л амьд юм шиг байгаа цогцос буддын шашины нэгэн шүтээн болов. Түүний цогцсыг гурван жилийн өмнө Иволгиний дацанд тусгай шилэн хоргонд байрлуулж залав. Шилэн ордныг Итгэл дуган гэдэг. Буддын шашины том баярын үед ордон сүсэгтнүүдэд нээлттэй байдаг.