Мөнгө хөрөнгөө хамгаалахын тулд юунд оруулах вэ гэсэн асуудал одоо олонхи хөрөнгө оруулагчийг түгшүүлж байна. Еврогийн бүсийн тогтворгүй байдал, Европын Төв банкны зээлийн хүү нэмэгдэх төлөв, АНУ дахь инфляци,Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын ардын тэмцэл хөдөлгөөн гаарсан явдал санхүүгийн зээлийн этгээдүүдийг бухимдуулж байна. Дийлэнх олонхи нь алт болон түүнээс нилээд хямд мөнгөнд найдлага тавьж байна. Одоо үнэт төмөрлөгийн зах зээлийн байдал тайван байна. Энэ нь нефтийн худалдааны хүрээнд өөрчлөлт гарахтай цаг үеийн хувьд уламжлал ёсоор давхцдаг. Ливид дэгдээсэн дайн ба Йемен, Сирид дотоодын мөргөлдөөнийг  шат шатаар  өргөжүүлнэ гэсэн таамагнал  хөрөнгө оруулагчдыг урьд нь бухимдуулсан билээ. Одоо тэд бага зэрэг тайтгарсан нь алтны үнэ урьд өмнө үзэгдээгүй  хэмжээнд хүрээд зогсоход нөлөөлөв. Лан алтны үнэ түүхэнд хамгийн өндөр 1530 долларт хүрээд  1500 хүртэл буурав. Одоо хөрөнгөө алтанд оруулах нь ашиггүй болж мэднэ гэж Үндэсний стратегийн зөвлөлийн  дарга  Иосиф Дискин  хэлээд «Алт саяхан болтол сонирхолыг их татаж байсан. Одоо алтны үнэ бага зэрэг багассан учир тийм их сонирхохоо больсон. Алтны үнэ долларын ханшаас шалтгаалдаг. Сүүлийн үед долларын ханш нэмэгдсэн учир алтны үнэ ялимгүй буурсан. Эдүгээ санхүүгийн зах зээлийн хүрээнд хоёр хандлага харшилдаж байна. Нэг талаас хэсэг хөрөнгө оруулагчид эрсдэлтэй үйлдвэр салбарт хөрөнгөө оруулахад бэлэн байна. Энэ нь нефтийн үнэ нилээд удаан хугацаанд нэмэгдэхэд нөлөөлөв. Нөгөө талаас өөр хэсэг нь санхүүгийн системийн гажигаас эмээж, найдвартай алтанд хөрөнгөө оруулж байна» гэв. Жорж Соросын үйл ажиллагаа алтны үнэ бага зэрэг буурахад нөлөөлөв. Соросын сан сүүлийн сард дансанд нь байсан бараг бүх алт мөнгөө худалджээ. Энэ нь үнэт металлийг худалдах дохио хэмээн Соросын ажиллагааг баримжаалдаг хөрөнгө оруулагчид үзсэн байна. Тэр тусмаа алтны зах зээл хэт халж байна гэж Сорос бүр нэг жилийн өмнө анхааруулсан билээ. Мөнгөний зах зээл бараг дампуурсан. Лан мөнгө  10 хоногийн дотор бараг 50 доллароос 34 хүртэл эрс унав. Энэ нь 1983 оноос хойшхи хамгийн их хэмжээний уналт билээ. Хөрөнгө оруулагчид мөнгөнд болгоомжтой хандвал зохино гэж Иосиф Дискин тэмдэглэн хэлээд «Дамын наймаачид сүүлийн хэд хэдэн долоо хоногт 40 хувь хөрөнгөө алдсан. Мөнгөн хөрвөх чадвар багатай. Мөнгөний үнийг эрс нэмэгдүүлж, монопольт байдал тогтоохыг дамын наймаачид оролдсон тохиолдол санхүүгийн түүхэнд олон удаа гарсан. Тэд  дампуурах ирмэгт хоёр удаа тулав. Эхний үед мөнгөнд хөрөнгөө оруулсан этгээдүүд асар их ашиг олж, хожим орулсан нь хөрөнгөө алдав. Ичгүүр сонжуургүй дамын наймаачид л мөнгө металлийг гойд сонирхсон учир тэдгээр нь тогтворгүй ханштай  эд зүйл болсон» гэв.Дэлхийн зах зээлд алт мөнгөний эрэлт ойрын хэд хэдэн долоо хоногт буурна гэж хөрөнгө оруулалтын сангийн шинжээчид таамаглаж байна. Гэвч алтны үнэ эрс өөрчлөгдөхгүй гэж шинжээчид анхааруулав.