Хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өнгөрсөн намар сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Энэ он гарсаар бас 36 хувиар өсөн нэмэгдэв. Хямд хүнсний эрин үе улиран өнгөрч байгааг шинжээчдийн таамагнал нотлон харуулав. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн Жак Диуф анхааруулав. Хэд хэдэн хүчин зүйл хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж тэрээр үзэж байна. АНУ, Хятадад өвөлжих тариалангийн талбай багассан явдал болон эрэлт нийлүүлэлтийн ялгааг юуны түрүүнд дурдая. Гай гамшигт нэрвэгдсэн Япон болон улс төрийн тэмцэл хөөлгөөн гаарсан арабын орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уналт мөн ялгааг гааруулав. Түүнчлэн өрнөдийн орнуудад биологийн түлшний үйлдвэрлэл нэмэгдсэн явдал бас нөлөөлсөн. АНУ үр тарианы ургацынхаа дөрөвний нэгийг үүнд чиглүүлж байна. Ийм хэмжээний үр тариаг хоол хүнс  болговол 300 сая гаруй хүнийг өлсгөлөнгөөс аварч болно. Байгалийн эрс өөрчлөлт ч бас бий. Жишээ нь Орост өнгөрсөн оны ган гачигаас болж сагадайн үнэ гурав дахин нэмэгдэв. Мөн темс, ургамлын тосны үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Дэлхийн зах зээлд үр тариа, суу, цэцгийн тосны үнэ эрс нэмэгджээ. Түүнчлэн мах ялангуяа  үхрийн махны үнэ нэг ёсны дээд үзүүлэлтэд хүрлээ. Хэрэглээний бүтэц нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүн дутагдахад бас нөлөөлөв. Эрчимтэй хөгжиж байгаа орнуудын оршин суугчдын хоол элбэг дэлбэг чанар сайтай болсон. Хүн ам шигүү орнуудын оршин суугчдын хүнсний хэрэглээ сайжрав. Хятадын оршин суугчид уламжлалт тутрагаар хүнсний хэрэглээгээ хязгаарлалгүй мах ногоо илүү их хэрэглэх болсон. Үнэтэй хүнсний бүтээгдэхүүн илүү их хэрэглэх нь  дэлхий нийтийн хандлага болжээ. Одоо дэлхийд нийт долоон тэрбум хүнтэй бол   энэ зууны дундуур  9 тэрбумд  хүрнэ гэж үзэж байна. Өнөөгийнхөөс гурав дахин  их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн тэдэнд шаардагдана. Хөрс хомсдож, услах  ус  хомсдсон нөхцөлд ургацыг яаж нэмэгдүүлэх вэ? Шинэ технологи илүү тэсвэртэй ургац сайн өгдөг хөдөө аж ахуйн тариаланг хаа сайгүй  хэрэглэх хэрэгтэй. Үүний хамт хагалсан газар талбайг өргөжүүлэх нь зайлшгүй чухал. Орос улс үүнд гол үүрэг гүйцэтгэж чадна. Дэлхийн тариалангийн талбайн бараг аравны нэгэн нь болон цэвэр усны нөөцийн дөрөвний нэг нь манай оронд  байгаа гэж Оросын үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Александр Корбут хэлээд «Орос улс  өрсөлдөхдөө чухал давуу талтай. Одоо бид 12 сая га бүхий хагалсан талбайг эргэлтэд оруулах боломжтой байна. Үүнд хөрөнгө оруулалт шаардагдсан. Орос улс үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдалд тулгарсан аюулыг арилгах боломжтой» гэв.Орост  хөдөө аж ахуй  саяхан болтол эдийн засгийн сул хөгжилтэй салбар байсан. Гэвч одоо бүр 12 жилийн турш тогтвортой  хөгжиж байна. Хөдөө аж ахуй аж үйлдвэрийн цогцолбор нефть хийн салбартай хамт Орост хөрөнгө оруулах талаар хамгийн ашигтай салбарын нэг боллоо.