Сүүлийн жилүүдэд Орост  сүсэгтнүүдийн тоо нэлээд өсөн нэмэгдснийг «Орчин» нийгэм шашны албанаас явуулсан санал асуулгын дүн нотлон харуулав. Мөн санал асуулгыг 44 бүс нутагт явуулж 18 хүртэлх насны  1500 хүн  оролцов. Санал асуулгын дүнгээс харахад Орос европын олон улсыг бодоход илүү олон сүсэгтэнтэй. Оросын иргэдийн 80 гаруй хувь нь шашинд итгэж байхад ЕХ-ны гишүүн олон оронд мөн үзүүлэлт 50 гаруйхан хувьтай байна. Европт сүсэгтнүүдийн тоо цөөрсөн нь аргагүй юм. Өрнөд христын хойшхи үед шилжсэн гэж Оросын үнэн алдартны шашны дээд байгууллагын шашны газар зүйн төвийн захирал Роман Силантьев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Эдүгээ Европт сүм хийдээс олноороо холдох үйл явц тодров. Христосын шашнаас холдох үйл явц бүр ХХ зуунд европын орнуудад эхлэв. Харин Орост христосын шашинд итгэх үйл явц өрнөсөн. Ер нь социалист улс байгаад  шинээр тусгаар тогтносон олон улсад ийм үйл явц явагдаж байна. Жишээ нь хуучин Югославын БНУлсуудад ба Польшид тийм байна. Мэдээжээр мөн үйл явцын хурдац ямар нэг улсад байгаа шашны байгууллагын идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Эдгээр байгууллага шашин сурталчлах ажиллагаа явуулж, хүмүүстэй идэвхтэй харилцаж байвал шашинд итгэх явдал нэмэгдэж, сүсэгтнүүдийн тоо өсөн нэмэгддэг» гэв. Орос улс үүний тод жишээ болсон. ЗХУ-ын үед олон  жилийн турш хатуугаар хавчигдан басамжлагдаж байсан Оросын үнэн алдартны сум хийд улс орондоо шашны амьдралыг сэргээж, сүсэгтнүүдийн тоог нэлээд нэмэгдүүлж байна. Нийгмийн санал асуулгын дүнгээс харахад Оросын хүн амын 50 гаруй хувь нь Оросын үнэн алдартны сүм хийдэд итгэж байна. Сүсэгтнүүдийн нилээд хэсэг нь Оросын европын хэсэгт оршин суудаг. Энд үнэн алдартны илүү олон сүм байгаа. Шашинд шүтэхгүй хамгийн олон хүн Алс Дорнодод суудаг. Энэ нь учиртай гэж Роман Силантьев үзэж байна.  «Алс Дорнодын бүс нутагт цөөн хун оршин суудаг. Иймээс христосын шашин энд бусад нутгаас сүүлд дэлгэрсэн. Түүнээс гадна Алс Дорнод үнэн алдартны соёлын гол гол төвөс хол оршдог. Иймээс тэнд хамгийн олон явцуу бүлэг, шашинд шүтэхгүй хүн байдаг» гэж Роман Силантьев хэллээ. Шашны өөр байууллагуудын тухайд гэвэл санал асуулгад хамрагдсан хүмүүсийн дөнгөж 1 хувь нь буддын шажин, 7 хувь нь католик шажин шүтлэгтэй. Протестант, иудей болон өөр шашин шүтлэгтэй хүмүүсийн тоо 1  хувьд хүрэхгүй байна. Санал асуулгад оролцогчдын 4 хувь нь лалын шажинд итгэж байна. Харин Орост лалын сүсэгтнүүд бараг 10 хувь эзлэдэг. Эдүгээ Орост  шашин сэргэн мандаж байгааг сүүлчийн санал асуулгын дүн нотлон харуулав. Үзүүлэлт маш өндөр биш байсан ч өөр үзүүлэлтүүдтэй харьцуулвал зохино. Ipsos олон улсын судлалын компаниас явуулсан санал асуулгын дүнгээс харахад дэлхийн нийт оршин суугчдын дөнгөж тэн хагас нь шашинд итгэж байна. Харин Орост мөн үзүүлэлт нэлээд  өндөр байна.