Майн нэгнийг тэмдэглэх баяр түүхийн гүнзгий үндэстэй юм. Эрт дээр үед хүмүүс энэ баяраар газрын болон үржил шимийн бурханд мөргөдөг байжээ.Дундад зууны үед баярын мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Шинэхэн түүхэнд майн нэгэн ажилчин ангийн тэмцэл, эв нэгдлийн билиг тэмдэг болсон юм. Харин орчин цагийн майн нэгэн бүх талуудыг нэгтгэж, янз бүрийн үндэстний сая, сая хүний баяр болон хувирчээ. Эрт дээр үед хүмүүс газраа хагалаж, үрээ суулгасны дараа тэдний хаврын их ажил талаар бололгүй, сайн ургац авахын төлөө майн нэгнийг ёслон тэмдэглэдэг байжээ гэж Оросын хүмүүнлэгийн улсын Их сургуулийн доцент, түүхч Сергей Карпенко ярьж байна: «Бүх амьдрал нь салшгүй холбоотой байсан газар тариалангийн ажил эхэлсэнтэй холбогдуулж хавар баяр тэмдэглэдэг байжээ. Хавар ирж, газар тариалангийн шинэ ажлын үе эхлэж байгаатай холбоотойгоор  бүх улс орнууд тэмдэглэж байсан жинхэнэ байгалын гаралтай ардын баяр юм. Мэдээж хэрэг улс орон болгонд өөрийн ёс заншил, дуу хуур, баяр тэмдэглэх арга барил байсан байж таараа. Хамгийн гол нь утга санаа нь нэг байсан юм» гэж хэллээ. ОУ-д майн нэгэн тэмдэглэх баяр нь эхлээд ажилчин ангийн эв санааны нэгдэлтэй огт хамаагүй байсан билээ. Харин 18-р зууныг хүртэл энэ баяр Улаан өндөгний баярын сүүдэрт дарагдан мэдэгдэхгүй байсан юм. Харин 1-р Петр хааны үед майн нэгэн буюу тэр үед “кокуй” гэж нэрлэдэг байсан энэ баяр жинхэнэ баяр ёслолын статусаа олж авсан гэж Оросын ШУА-ийн угсаатан ба хүн судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Нинель Полищук тэмдэглээд: «Тухайн үед Москвагийн Немцүүдийн хамжлагт бус тосгонд тохилог амьдарч байсан европчуудаас энэ уламжлалыг дамжуулан авсан байна.Харин 19-р зууны дунд үе гэхэд маш өргөн хүрээтэйгээр тархжээ. Энэ баярыг “маевка” гэж нэрлэдэг байсан ба хотоос гарч хаврыг угтдаг баяр байжээ. Эхлээд энэ баяр нь хоёр нийслэлийнхний баяр байсан ба дараа нь хязгаар нутгийнхан тэмдэглэдэг болсон байна. Москвад 1730-аад оноос гол төлөв Сокольникд олон хүнтэй майн нэгний өргөн зугаалга болдог байжээ. Сокольник нь тэр үе Москва орчмын хот байжээ. Харин одоо энэ парк төвөөс хотын зүүн урьд зах ороход замын голд байдаг юм» гэж хэлсэн. Харин майн нэгний баярыг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг болсон эх үүсэл нь АНУ-д 1886 онд болсон үйл явдалтай холбоотой юм. Тус улсад 5-р сарын 1-нд ажилчид нэг ажил олгогчоос нөгөөд шилжиж болдог ганц өдөр байжээ.Харин тэр жил ажилчид ажлын цагийг 8 цаг болгохыг шаардаж 40 мянган хүн ажил хаясан юм. Түүхч Сергей Карпенко ярихдаа: «1886 оны 5-р сарын 1-нд АНУ, Канадын социалист байгууллагууд ажилчдын эрх ашгийг хамгаалж цуглаан зохион байгуулсан юм. Энэ жагсаал цуглааныг цагдаагийнхан хөөн тараасан ба хэд хэдэн жагсагчид амь насаа алдсан юм. Үүний хариуд ажилчид эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд анархууд бөмбөг дэлбэлэж цагдаа нар амь насаа алдсан юм. Үүнд 4 ажилчныг буруутгаж дүүжилсэн билээ. Харин дараа нь ял хуурамч байсан нь тогтоогдсон юм. Энэ цаазлагдсан хүмүүсийн дурсгалд зориулж 1889 онд болсон 2-р Интернационалийн Их хурлаар 5-р сарын нэгнийг бүх дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр гэж зарласан билээ. 1890 онд Варшавын 10 мянган ажилчид, 1886 онд буудуулсан чикагогийн жагсагчдын дурсгалд зориулж ажил хаялт зарласан байна. Ийнхүү “хувьсгалт маевкагийн” түүх эхэлсэн бөгөөд 20-р зууны эхээр олон нийтийг хамрах болсон билээ» гэж тэр хэлсэн.  Оросын ШУА-ийн угсаатан ба хүн судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Нинель Полищук ярихдаа: «Хаант Оросын үед “хувьсгалт маевка” хууль бус байсан бөгөөд гол төлөв ойд цуглардаг байжээ. Цагдаад баригдахгүйн тулд маш сайн харуул хамгаалалт тавьдаг байлаа. Маевкаг гол мөрөнд завин дээр ч хийдэг байсан байна. “Хувьсгалт маевкаг” шоронд хоригдлууд тэмдэглэдэг байсан ба энэ өдөр цонхон дээрээ улаан ороолт, алчуур юм уу, цамц өлгөдөг байжээ. Максим Горькийн “Эх” романд энэ тухай дурсдагийг санаж байгаа биз дээ» гэж хэллээ. 1917 онд большевикууд засгийн эрхэнд гарсны дараа Орос улсад дараа нь ЗХУ-д энэ баяр улсын албан ёсны баяр болсон юм. ЗХУ-д 1991 оны 5-р сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөрт зориулсан сүүлчийн жагсаал болжээ. Түүнээс хойш энэ баярыг “Хавар ба хөдөлмөрийн баяр” гэж нэрлэдэг болсон ба амралтын өдөр юм. Майн нэгнийг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн хувьд дэлхийн 30 гаруй улсад тэмдэглэж байна.