Хойд Африк болон Ойрхи Дорнодод өрнөсөн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн дуусна гэсэн таамаг батлагдсангүй. Энэ долоо хоногт Ливи, Йемен, Сири, Бахрейн болон бүс нутгийн бусад улсуудад түгшүүртэй байдал намжсангүй. Аливаа улсын дотоодын сөргөлдөөнд Барууны орнууд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцсон нь мухардмал байдалд орсон нь Ливийн жишээн дээр тодорхой харагдлаа. “Гэмт дэглэмийнхэн” бөөнөөр нь устгаж байгаа энгийн ирэгдэд туслах тунхаглал нь хоосон үг боллоо. Харин цэргийн ажиллагаанаас хамгийн түрүүнд ард иргэд л хохирч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Африкийн нөхцөл байдалд нөлөөлөх зайлшгүй шаардлагатай болоод байна, учир нь байдал бүр дордож мэдэхээр байна. Харамсалтай нь энэ нөлөөлөлийн механизмийг одоо болтол боловсруулж чадахгүй байна. Сарын өмнө барууны улс төрчдийн мөрөөр цэргийнхэн хувь заяаг нь шийдэж эхэлсэн Ливийн “энгийн иргэд” гэдэг нь сайн хувцаслаж бэлтгэсэн зэвсэгтэй босогчид байлаа. Ливийн агаарт нислэггүй бүс байгуулахыг зөвшөөрсөн НҮБ-ийн АЗ-ийн мандатыг хэтрүүлэж байгаа нь байдлыг улам тогтворгүй болголоо. Хүч хэрэглэн  хөндлөнгөөс оролцох нь НҮБ-ийн АЗ-ийн тогтоолын үг үсэг, үзэл бодолд нийцэхгүй байгаа бөгөөд сайн юманд хүргэхгүй гэж оросын улс төрчид удаа дараа сануулсан билээ. Үнэхээр л ийм байдалд хүрлээ. Муаммар Каддафиг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр, барууны холбоотнуудын бөмбөг түүнийг устгаж чадахгүй байгаа ба тэр зэвсгээ хураалгахыг огт хүсэхгүй байна. Энэ долоо хоногт ОУ-ын ерөнхий сайд В. Путин Дани улсад айлчлахдаа эвслийн үйл ажиллагааг хурцаар шүүмжиллээ. Барууны орнууд ямарч шийтгэлгүйгээр үйлчилж байгаа бөгөөд тэдний санаа зорилго, АЗ-ийн тогтоолын бодит байдлаас улам бүр зөрөлдөж байна гэж тэр мэдэгдээд: «Ливи улсад дотоодын санал зөрөлдөөн үүсэж тэр нь зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Энэ зэвсэгт сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох ямар шаардлага байсан юм бэ? Ливийн тэнгэрийг хаах хэрэгтэй гэж ярьсан, хэрвээ Каддафигийн амьдарч байж магадгүй гэсэн ордонгуудыг шөнө болгон бөмбөгдөөд байхад тэр тэнгэр хаалттай байгаа тэр үү? Бид түүнийг устгахыг хүсэхгүй байна гэж ярьж байна. Тэгвэл яагаад л хулгана үргээгээд ордон бөмбөгдөөд байгаа юм бэ? Каддафи тэр ордонгуудад байх ч үгүй аль хэдийнээ талийж өгсөн. Тэнд энгийн иргэд л амь насаа алдаж байна шүү дээ. Бид Каддафиг устгахын төлөө мэрийж байна гэж зарим нэгэн албаны хүмүүс мэдэгдэж байх юм. Хэн ингэхийг зөвшөөрсөн юм бэ? Түүнийг ялалсан юм уу?» гэж тэр ярилаа. Энэ улсад хуурай газрын ажиллагаа болох магадлал улам их болж байна. НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозины мэдэгдснээр газрын ажиллагаанд ЕХ, 1500 хүртэл тооны цэрэг явуулахад бэлэн байна. Барууны холбоотнуудын хуурай газрын ажиллагаа өргөн хэмжээний хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж энэ улсыг арваад жилээр хойш нь татна гэж Москва анхааруулж байна. Харамсалтай ливийн нефтийн төлөөх ашиг сонирхол, өөрсдийнхөө хүсэл зоригийг тулган хүлээлгэх шаардлага ийм хор уршгийн эрсдэлээс дээгүүр байгаа бололтой. Жишээ нь ерөнхий сайд Берлусконигийн холбоотон италийн сайд Умберто Босси мэдэгдэхдээ, ливийн цэргийн объектуудыг агаараас бөмбөгдөх ажиллагаанд Ром нэгдэж байгаа нь италийн эрх баригч эвслийг хямралд хүргэж мэднэ гэжээ. Одоо Йеменд болж байгаа үйл явдлыг сонирхуулья. Сунжирч байгаа будилааныг зохицуулахын тулд Эрх баригч “Бүх нийтийн ардын их хурал” намын гаргасан “замын карт” асуудалтай боллоо. Энэ долоо хоногт Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ГХЯ-ны тэргүүнүүд, Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех 30 хоногийн дотор бүрэн эрхээсээ татгалзаж, үүний дараа тус улс шинэ төрийн тэргүүнээ ардчилсан замаар сонгох хэрэгтэй гэсэн төлөвлөгөөг санал болголоо. Энэ төлөвлөгөө одоогийн нөхцөлд хамгийн бодитой, өөдрөг нь байна гэж Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн шинжээч Александр Такаченко ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнд өртөөд байгаа бусад арабын орнуудын улс төрийн хямралыг зохицуулахад олон улсын зуучид тэр тусмаа арабын ертөнцөөс оролцож байгаа нь нөхцөл байдлыг зохицуулах сайхан жишээ болж магадгүй юм. Арабын орнуудад урьд өмнө тохиолдож байгаагүй улс төрийн энэ хямралыг зохицуулах хамгийн үр бүтээлтэй арга хэмжээ бол улс төр, хэлэлцээрийн зам билээ» гэж хэллээ. Йемений нийслэл Сана хотод 4-р сарын 27-нд дахиад цус урссан нь энэ сөргөлдөөнийг зохицуулах талаар биш улам даамжирч газар авч байна гэж ярих шалтаг боллоо. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг хүчээр тараах үед 11 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсад энэ оны 1-р сараас хойш үргэлжилж байгаа юм. Үүнээс болж зуугаад хүн амь үрэгдээд байна.Сири улсад ч байдал тайван биш байна. Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг харгис хэрцгийгээр нухчин дарж байгааг эсрэгүүцэж сөрөг хүчнийхэн уламжлалт “уур хилэнгийн өдрүүдийг” явуулсаар байна. Дераа хотод сүүлийн өдрүүдэд арваад хүн амь насаа алдлаа. Засаг төрөөс үйл ажиллагааг нь хорьсон “Ах дүү лалууд минь” хөдөлгөөн засаг төрд дарлагдахгүй байхыг уриалж байна. Энэ оронд эсэргүүцлийн хөдөлгөөн бүтэн хагас сар үргэлжлэж байна. Энэ үеэр НҮБ-ийн АЗ Сирийн төр засаг сөрөг хүчний эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг шүүмжилсэн мэдэгдлийг хэлэлцэж чадахгүй байна. Сири болон бусад улсуудад хэн нэгэн, байдал хурцдангууд олон улсын хамтын нийгэмлэгийг тусламж нэрийн дор оруулахаас өөр аргагүй болгож аль нэг талынх нь талд орно гэж найдаж байгаа нь илэрхий байгаа тул ОУ энэ баримт бичгийг дэмжээгүй билээ. Ливиийн жишээ үүнийг нотлож өгч байгаа биш үү? Энэ бол хүчирхийлэлийн өдөөн хатгалагын гинж, нэг ёсондоо иргэний дайнд уриалан дуудаж байгаа хэрэг гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев үзэж байна: «Сирийн дотоодын асуудлыг хөндлөнгөөс оролцож шийднэ гэдэг үнэхээр аюултай. Ямарч улс оронд эмх замбараагүй байдлыг бий болгодог сөрөг хүчин байдаг. Ингэснээр тус улсыг тогтворгүй болгож, тэдэнд ашигтай бодлогыг явуулах хүмүүсийг засгийн эрхэнд гаргах сонирхолтой улсууд байгаа гэдэгт тэд итгэж байгаа ба энэ сөрөг хүчнийг дэмжнэ гэж найдаж байгаа юм. Ингэж ч энх тайван тогтвортой байдлыг хангадаггүй байхаа. Хэрвээ бид ийм замаар замнах юм бол биднийг эмх замбараагүй байдал л хүлээж байна. Ийм учраас Сирийн талаарх ОУ-ын байр суурь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, эрүүл саруул ухаанд л тулгуурлаж байгаа» юм гэлээ. Мөн Бахрейн улсад түгшүүртэй хэцүү байдал үргэлжилсээр байна. Засгийн газрын эсрэг хөдөлгөөнд оролцсон дөрвөн хүнд энэ улсын цэргийн шүүн таслах газар цаазаар авах ял оноолоо. Тус хаант улсад энэ оны 2-3-р сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон гурван хүнд бүх насаар нь хорих ял оноосон гэж “Аль-Вефак” сөрөг шийтийн намын гишүүн Матара Матара ярьсан байна. Бахрейн улсад олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан 2-р сарын дунд үеэс эхэлсэн билээ. Суннитын цөөнхүүд засгийн эрхийг барьж байгаа энэ улсад өөрсдийн эрхээ өргөжүүлэхийг шийт-лалууд шаардаж жагсаал цуглаан хийж байгаа юм. Сөрөг хүчнийхний талаар цэргийн шүүн таслах газрын гаргасан шийдвэр байдлыг улам хурцатгаж мэднэ. Ерөнхийлөгчид нь энх тайвны замаар зайгаа тавьж өгсөн египет, тунисын арга энэ бүсийн бусад улсуудад биелэлээ олохгүй  гэж шинжээчид үзэж байна. Ийм учраас олон улсын хамтын нийгэмлэг, Хойд Африк болон Ойрхи Дорнодод тохирсон сөргөлдөөний гинжийг зохицуулах стандартын бус шинэ аргыг эрж хайх хэрэгтэй. Тусгайгийнхан болон агаарын цохилтоор асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой байна.