Тува улсын нийслэл Кызыл  хотын өвөрмөц нэгэн бэлэг тэмдэгээр удахгүй Бүддийн бурхан болох нь. Нийслэл хотын дэргэдэх Догээ уулын орой дээр Шакьямуни бурхан залрах ажээ. Энэхүү сэрэг  дүр нь Орос улсын Буддийн шашны хамгийн том баримал болох бөгөөд  Монгол улсын Буддийн шашны  Төв Гандан Тэгчилэн хийдийн Мэгзэд Жанрайсэг бурхнаас нэг метр хагасын намхан юм.  Мэгзэд Жанрайсэг бурхан өндрөөрөө 26, 5 метр юм. Тувагийн нийслэл орчимд  25 метр Шакьямуни бурхан байгуулахаар анх гурван жилийн  өмнө тувагийн “Цеченлинг” хийдийн хамба лам Буян Башкы санаачилсан ажээ. Гэхдээ ийм хэмжээний том бүтээлд мэдээж хэрэг их хөрөнгө шаардагдах нь тодорхой. “Догээ уулан дахь алтан Шакьямуни Будда” хандивын санг бид  байгуулсан. Банканд данс нээж, буддийн шашны удирдах газар хандивын хайрцаг байрлуулсан. Санхүүжилт ирсээр л байна. Бидэнд туслах гэсэн цөөнгүй хүмүүс байгаа. Бид шаардагдах мөнгө хөрөнгийг цуглуулж чадна гэж бодож байна.Бидэнд бас засгийн газар их тус дэмжлэг үзүүлж байдаг» гэж хамба лам Буян Башкы ярьж байна. Энэхүү бурханыг бүтээхэд шаардлагатай хөрөнгөний тал хувийг цуглуулж чаджээ. Мөнгийг данс руу шилжүүлж,  оюутан, сэхээтэн, тэтгэврийн хүмүүс болон түшмэлүүд өөрсдийн хандивыг хийдэд авчирж өргөдөг аж. Зарим нь бүр барилгын материалаар хүртэл хандив өргөжээ. Будда бурхны энэхүү цогцолбор нь Догээ ууланд буюу далайн түвшинээс  2000 метрийн өндөрт байх юм. Ингэхдээ тэр нь  Тувагийн нийслэлийн аль ч цэгээс харагдах боломжтой юм. Үүний тулд 600-700 метрийн урт шат барих шаардлагатай юм. Мөн энд жижигхэн дугана барихыг зорьж байна.  Энэхүү төслийг XIV Далай лам адисласан юм. Бурхан багшийн баримлыг зэс, гуулиар цутгаж  Ростов мужийн Волгодонск хотод бүтээх юм. «Уг баримлын жижиг макетыг хийсэн байгаа. Энэ бол Шакьямуни Буддагийн уламжлалт баримал.  Энэ нь буддийн хийд бүрт байдаг бурхан. Гэхдээ ийм хэмжээний бурхан багшийг бид л бүтээхээр зорьсон юм. Халимагийн гол Хуралд –арван метрийн өндөр бурхан заларсан байдаг. Сонирхуулж хэлхэд тэр бурхныг Волгодонскд бүтээсэн юм шүү. Тэр бүрхныг халимагууд хийдийн дотор байрлуулсан байдаг. Харин Монгол Улсын шашны төв Гандан хийдийн Мэгзэд Жанрайсэг бурхан өөрийн хийддээ заларсан байдаг» гэж Буян башкы ярьж байна.Догээ уул нь өндөр, сайхан, огцом хайрхан. Үеийн үед энэ уулыг тувачууд шүтэж иржээ. Хайрхантай ойр орчимд амьдарч байсан хүн ардууд өглөө бүр цайныхаа дээжийг өргөн, уулын оргил өөд ширтэн  сайн сайхан, сэтгэлийн амарлингуйг хүсэн залбирч ирсэн. Таван жилийн өмнө энэ уулын нөмөрт Будда  бурхны  “Ум мани бад ме хум” маанийг чулуугаар өрж тавьсан нь Кызылын аль ч цэгээс тод харагдана. Үүний дэргэд Шакьямуни Будда бурханы сэрэг дүр заларна.