НҮБ, ХАБГБ-тай хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх ёстой. Пан Ги Мун, ХАБГБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжатай уулзахдаа мансууруулах бодис болон алан хядах ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллах, энх тайван, тогтвортой байдлыг дэмжих энэ гурван үндсэн чиглэлийг заалаа. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга зүүн европоор хийж байгаа айлчлалын дагуу ОХУ-д ирсэн юм. Москвад Пан Ги Мун айлчлана гэдэг ховор үзэгдэл юм. ХАБГБ-ийн нэгдсэн штабт тэр очино гэдэг бүр ч түүхэн үйл явдал боллоо. Уулзалтын хамгийн эхэнд ХАБГБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа өөрийнхөө “ичээнд” гадаадын зочныг урихдаа үүнийг онцлон хэлсэн юм. Хамгийн гол нь энэ байр одоогоос хориод жилийн өмнө НАТО-гийн эсрэг ЗХУ-ын байгуулсан европын социалист  орнуудын цэргийн холбооны Варшавын гэрээний төв штаб байсан билээ. Одоо энэ байранд тус байгууллагын цэргийн бүрдэл хэсгийн шийдвэрийг хэрэгжүүлдэг ХАБГБ-ийн нэгдсэн штаб байрладаг юм. Орос, Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Таджикстан, Узбекстан зэрэг улсууд багтдаг ХАБГБ-ийн гишүүн орнуудын хамтарсан хээрийн сургууль явуулах төлөвлөгөө, болон хамтын ажиллагааны стратегийг энд хэлэлцдэг юм. Ийм учраас НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын ирсэн явдал ХАБГБ зөвхөн бүс нутгийн хүрээнд биш даяарчлалын процесст нөлөөлж байгаагийн гэрч болж байна. НҮБ болон ХАБГБ-ийн хамтын ажиллагааны үр ашигтай жишээний нэг бол афганы мансууруулах бодисны сувгийг хаах тал дээр явуулсан “Канал” ажиллагаа юм. Өнөөдөр мансууруулах бодисны наймааны байдал маш хүнд байна гэж Пан Ги Мун хэллээ. Мансууруулах бодисны аюулыг сөрөн зогсохын тулд хар тамхины ургамлын ургац хураахаас авахуулаад мансууруулах бодисны наймаа хүртэл бүх түвшинд тэмцэх шаардлагатай байна. Мөн сонирхож байгаа улс орон, төрийн бус байгууллагуудтай ч хамтран ажиллах шаардлагатай байна. ХАБГБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа бүр цаашаа ахих хэрэгтэй гэж үзэж байна: «НҮБ-ийн зохих бүтцүүдтэй тэр тусмаа алан хядах ажиллагаа, улс төрийн болон шашны хэт даврах үзэлтэй тэмцэл явуулж байгаа бүтцүүдтэй улс төрийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь маш чухал юм. Бидний хувьд энэ асуудал үндсэн гол асуудал юм. Өнөөдөр зөвхөн тунхаглал ч байгаагүй. Бид бодит хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ. НҮБ-тай хамтран ажиллах замын картыг боловсруулахын тулд ойрын үед ХАБГБ-ийн төлөөлөгчид Нью-Йоркыг зорих болно» гэж тэр ярилаа. НҮБ, ХАБГБ хоёрын хамтын ажиллагааны чухал чиглэлүүдийн дунд энхийг сахиулах хүчний талаархи асуудал байгаа юм. ХАБГБ саяхан “Хамтын энхийг сахиулах хүч” гэсэн нэртэй  өөрийн “цэнхэр дуулгатнаа” байгуулаад байна. Ирээдүйд энэ хүч НҮБ-ийн энхийг сахиулагчтай хамт дэлхийн өнцөг булан бүрт ажиллах болно. Түүнээс гадна энэ нь алан хядах ажиллагаатай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулна. “Алан хядах ажиллагаа цэргийн аргаар ялан дийлж болохгүй аюул занал болоод байна. НҮБ-ийн хүрээнд даяарчлалыг хамарсан терроризмыг эсэргүүцэх стратег байдаг, түүнийг хэрэгжүүлэхэд ХАБГБ-ийн орнууд оролцоно гэдэгт бид итгэж байна гэж” НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ. Ийм хамтын ажиллагаа хоёр талдаа ашиг өгөх юм. НҮБ үүний үр дүнд Төв Ази болон Зүүн Европт найдвартай туслагч, холбоотонтой болно, харин ХАБГБ олон улсын хамгийн нөлөө бүхий байгууллагын нэмэлт дэмжлэгийг авах болно.