Ливи улсад Барууны улсуудын газар дээрхи ажиллагааг эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ойрхи болон Дундад Дорнодын хэсэг болон Дэлхийн ЭЗОУХ хүрээлэнгийн аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ингэж үзэж байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэрээр Ливийн эргэн тойрны байдлын хөгжлийг ийнхүү таамагласан юм. «Ойрын хоёр, гурав хоногт газар дээрхи ажиллагаа эхлэх нь юу л бол. Лав долоо хоног болох байх гэж би бодож байна. АНУ энэ газар дээрхи ажиллагаанд ногоон гэрэл өгөхгүй байх. Америкийн цэргийнхэн болон газрын дээрхи ажиллагааг эхлүүлэхийг шаардаж, босогчдыг баруун европын орнуудын тусламжтайгаар дэмжих ёстой гэж үзэж байгаа арабын орнуудын хооронд санал зөрөлдөөн гарах нь асуудлыг хүндрүүлнэ.  Харин АНУ эцсээ хүртэл хойш нь татах болно гэж би үзэж байна. Харин баруун европын орнууд хэрхэн аашлахыг таамаглахад маш хэцүү» гэж тэр хэллээ.Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин арай болгоомжтой хариулт өгч байна. «Хязгаарлагдмал хэмжээтэй газрын дээрхи ажиллагаа үнэн хэрэгтээ аль хэдийн эхэлсэн. Байлдаан болж байгаа зарим нэг газраар бага багахан алхамаар явагдаж л байгаа шүү дээ. Харин өнөөдрийн хувьд нилээн өргөн хэмжээний ажиллагаа явуулах цаг нь болсон бололтой. НҮБ-ийн тогтоолгүйгээр хязгаарлагдмал тоотой цэргийн анги нэгтгэл л оролцож магадгүй гэж би бодож байна. Яг одоо өргөн хэмжээний газрын дээрхи ажиллагаа явуулах боломжгүй, учир нь үүний тулд НҮБ-ийн АЗ-ийн зөвшөөрөл хэрэгтэй. Тийм тогтоол одоохондоо байхгүй, түүний төлөө санал хураахад бэлэн биш байна» гэж Виталий Наумкин хэллээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Ливид газрын дээрхи ажиллагаа явуулахаас Барууныг сэрэмжлүүллээ. «Ливийн эргэн тойронд болж байгаа үйл явдлын хөгжлийн сүүлийн үеийн байдал биднийг баярлуулахгүй байна. Энэ нь будлианыг газар руу татаж байгааг харуулж байна. Иймэрхүү алхам нь маш их эрсдэлтэй, урьдчилан харахын аргагүй хор уршиг тарих болно. НҮБ-ын АЗ-ийн тогтоолын үг үсэг, үзэл санаагаар удирдлага болгож, дэглэмийг нислэггүй бүсээр хазаарлаж энгийн иргэдийг хамгаалах ёстой гэсэн мандатын хүрээнээс халихгүй байхыг бид уриалж байна» гэж Сергей Лавров хэллээ. Их Британи, Франц, Итали улсууд ливийн сөрөг хүчинд туслуулахаар өөрсдийнхөө цэргийн зөвлөхүүдийг явуулахад бэлэн байгаагаа зарласны дараагийн өдөр энэ мэдэгдлийг хийсэн байна. Эдгээр армийн офицерүүд нь байлдааны ажиллагаанд оролцохгүй бөгөөд тагнуулын болон ар талын хангамжийн салбарт ливичүүдийг бэлтгэх ёстой гэж европын орнуудын нийслэлүүдэд ятгаж байна. Үүнийг иргэний дайны нөхцөл байдалд сөрөг хүчний талд байлдааны ажиллагаанд “оюун санааны” хувьд оролцож байна гэж хэлэхээс өөр арга алга даа. Ливид байгаа НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүдийн оролцоо мэдэгдээд байгаа зорилтоор хязгааарлагдахгүй байгаа гэж шинжээчид үзэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Валери Амос, НҮБ-ын цувааг зэвсэгт хамгаалагчдаар хамгаалуулах гэсэн эвслийг сэрэмжлүүллээ. Ингэснээрээ НҮБ-ын албан хаагчдыг эрсдэлд оруулна гэж тэр хэлсэн байна. Барууныхан хүмүүнлэгийн ачааг зэвсэгт хамгаалагчдаар хамгаалуулна гэдэг нь үнэн хэрэг дээрээ энэ ачааг хүргэхэд саад учруулах хүмүүстэй байлдана гэсэн үг гэж шинжээчид үзэж байна. Тэр үед европын цэргийнхэн ч юмуу, НҮБ-ын төлөөлөгч амь үрэгдэх юм бол газрын дээрхи ажиллагааг эхлэх сайхан шалтаг болох юм. Ливид явуулж байгаа НАТО-гийн ажиллагааны оролцогчид тэр дундаа хамгийн идэвхитэй лоббичид Франц, Их Британи улсууд цэргийн халдан довтлолт болохгүй гэж ятгаж байгаа юм. АНУ, Алжирын удирдлагад хандаж Ливи улсад халдан довтлох иймэрхүү ажиллагааны хор уршгийг тооцож үзэхийг санал болгосон гэж  Алжирын “Аль-Хабаб” сонин батлаж байна. Пентоган Алжирын саналыг сонирхосон учир нь барууны орнуудын халдан довтлолт нь Хойд Африкт “Аль”Кайда”-гийн байр суурийг бэхжүүлнэ. Мөн АНУ, газрын дээрхи ажиллагаа эхэлсэн тохиодолд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар алжир нөхдүүдээсээ асуусан байна. НАТО-гийн онгоцууд алжирын агаарын орон зайг ашиглах зөвшөөрөл авах мөн шархагдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд туслуулах талаар ярьж байгаа юм. Одоогийн байдлаар АНУ Ливийн тэнгэрт өөрийн нисгэгчгүй 2 аппаратаа нисгэж эхлээд байна. Пакистан, Афганистаны хил дээр хэрэглэсэн туршлагаас хархад нисгэгчгүй аппаратууд газрын байд цохилт өгөөд зогсохгүй тагнуулын ажииллагаа явуулдаг билээ.Агаараас ирэх мэдээлэлийг одоо Ливи улс руу явуулж байгаа Барууны сургагчид авна гэдэг нь тодорхой байна.