Зургаан талын хэлэлцээг сэргээхтэй холбогдуулан АНУ-аас урьдчилан тавьсан болзлыг Хятад улс няцаав. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятад,Орос,АНУ,Япон ба хоёр Солонгос улсын хийж буй зөвлөлдөөнийг БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгосноос хойш биш харин нэн даруй сэргээх хэрэгтэй гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй  улс орныхоо байр суурийг тодорхойлон хэллээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Япон, Өмнөд Солонгост хийх айлчлалууд зургаан талын хэлэлцээг сэргээх замд одоо гарсан саад тотгорыг арилгана гэж бодож байсан. Гэвч АНУ ба түүний холбоотнууд болзлоосоо татгалзаагүй байна. Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоцыг живүүлснээ Пхеньян хүлээн зөвшөөрч, өөрийгөө буруутгаж, Ёнпхёндо арлын эргэн тойрны  будлианы хариуцлагыг өөртөө ногдуулсны дараа л зургаан талын хэлэлцээг сэргээх  болзол урьдчилан тавьжээ. БНАСАУ эдгээр шаардлагыг биелүүлж чадахгүй. Түүнээс гадна НҮБ-ын АЗ Умард Солонгосыг  тэнгист гарсан будлианы буруутан хэмээн нэрлээгүй хийгээд арлыг их буугаар буудсантай нь холбогдуулан Пхеньяныг буруушаагаагүй байна. Тус арал чухам хэний эрх мэлдэлд байх асуудлаар маргаан үүссэн юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи хэлэлцээг сэргээх төлөв Хиллари Клинтоны Азийн орнуудаар хийсэн аялалын дараа ч тодроогүй. Америкийн тал одоо ямар нэг шалтгийг зааж хэлэлцээг хойшлуулахыг оролдсоор байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Сайн муу хоёр мэдээ байгааг Вашингтон ойлгож байна. Сайн мэдээний тухайд гэвэл Умард Солонгосоос үнэн хэрэг дээр аюул учрахгүй. Тус улс түрүүлж халдан довтлохгүй. Мөн цөмийн технологи худалдах боломжгүй байна. Муу мэдээний тухайд гэвэл Сеул өдөөн хатгах ажиллагаа явуулж, олон улсын эрх зүй ерөнхийдөө хямралт байдалд орсон нөхцөлд хэн ч цөмийн зэвсгээс ангижрахыг хүсэхгүй. Иймээс улс буурьтай ахиц дэвшил гарахгүй бол Умард Солонгос бөмбөгөө «өгөхгүй»гэж Вашингтон үзэж байна. Тэгвэл угаасаа үр дүнд хүрэхгүй хэлэлцээ хийх хэрэгтэй гэж уу?» гэлээ.Хэлэлцээ хийх хэрэгтэй гэж Москва, Бээжин хоёр үзэж байна. БНАСАУ пуужин-цөмийн хөтөлбөрөө зогсоосны хариуд хөрөнгө оруулах, эрчим хүчний хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүллээ. Пхеньян  цөмийн зэвсэг, баллистик пуужингийн үйлдвэрлэл, туршилтыг азнахад Москва найдаж байна. Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг Йонбен дэх цөмийн төвд буцаах бололтой гэж үзэж байна. Үүний хариуд Умард Солонгос  Оростой бараа таваарын эргэлтийг нэмэгдүүлнэ. Түүнээс гадна  Орос улсаас эхлээд БНАСУ хожим БНСолонгос улсад байгалийн хий дамжуулах хоолой барьж, цахилгаан дамжуулах шугам татах юм. Мөн Солонгос хоорондын төмөр замыг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбох юм. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Алексей Бородавкин мөн санаачилыг саяхан батлав. Яриа хэлцээ, хатын ажиллагааг сэргээхэд Москвагаас Пхеньян Сеул хоёрт туслана гэж тэрээр мэдэгдлээ.АНУ-ыг бодоход Москва «зөөлөн хатуу» арга барилыг хэрэглэж байна. Ийм тактик улс төрийн үр дүнд хүрсэн. Пхеньян ямар ч болзол урьдчилан тавилгүй зургаан талын хэлэлцээг сэргээхийг зөвшөөрөв. Бээжингийн шаргуу ажиллагаа үүнд нэн чухал үүрэг гүйцэтгэв. Гэвч хэлэлцээг сэргээх нь одоохондоо «хоёр урсгалтай  зам» болоогүй.