Ливийн цэргийн сөргөлдөөнд оролцохгүй байгаа энгийн иргэдийг байлдаан болж байгаа бүсээс гарч явахыг НАТО уриаллаа. Ливийн тэргүүн Муаммар Каддафийн хүчний объектуудыг бөмбөгдөж байгаа цохилтынхоо тоог олшруулна гэж эвсэл анхаарууллаа. Ливийн Мисурата хотод барууны хоёр сэтгүүлч алагдсан тухай мэдээлсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна. Каддафигийн цэргүүд бүслээд байсан хотод 4-р сарын 19-нд британийн нэрт зурагчин, кино найруулагч Тим Хетерингтон, америкийн фото зургийн сурвалжлагч Крис Хондрос нар минометийн галд өртөн амь насаа алджээ. Энэ буудлагын үед 10 гаруй хүн, түүний дотор Украины нэг эмч амь насаа алдсан байна.Пүрэв гаригт НАТО-гийн хүчин Триполи хотыг бөмбөгдсөн байна. Барууны ХМХ-ийн мэдээгээр 7 хүн алагдсан байна.