Улаан талбай дахь Мавзолейг Владимир Лениний мэндэлсний 141 жилийн ойн өмнөхөн олон нийтэд  ахин нээжээ. Түүнийг 45 хоног хааж, уламжлалт сэргийлэх ажилыг хийсэн юм. Одоо хүссэн хүн бүр болгон дэлхийн пролетари нарын жолоодогчийн дурсгалд мягмар,лхагва, пурэв ,бямба гаригт мавзолейд очиж хүндэтгэл үзүүлэх бололмжтой болж байна. Гэвч Лениний шарилыг Мавзолейгээс гаргах эсэх маргаан бүр 20 жилийн турш намжихгүй байна.Мавзолейгээр орохыг хүсдэг хүн Улаан талбайд цөөн. Зөвхөн Лениний төрсөн өдөр 4-р сарын 22-нд, нас нөгчсөн өдөр 1-р сарын 21-нд л  Мавзолейн дэргэд олон хүн цуглардаг. ОХУ-ын КН-ын удирдагчид болон коммунистуудыг дэмжигчид оросын хувьсгалын жолоодогчийн бунханд уламжлал ёсоор цэцэг өргөдөг. Лениний занданшуулсан шарил ба мавзолейг хэрхэх вэ? гэсэн асуудлыг олон нийтээр мөн жилд  хоёр удаа хэлэлцүүлдэг. Лениний шарилыг оршуулах саналыг коммунистууд «өдөөн хатгасан, асуудлыг улс төржүүлсэн хэрэг» хэмээн үзэж байна. Түүхийн дурсгалыг хүндэтгэхийг Улсын Думын депутат ОХУ-ын КН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Сергей Обухов уриалаад «Түүхэн уламжлал, түүхэн өв, бидний овог дээдсийн хүсэл зориг энд байгаа. Владимир Ильич Ленин бол ОХУ-ыг үндэслэн байгуулагч мөн. Ард түмэн болон засаг захиргааны дээд байгууллагын хүслээр мавзолейг босгож байгуулсан. Пётр хааны өмнөх, Пётр хааны үеийн Орос улс ба зөвлөлт засгийн үе, ОХУ-ын үе үеийн бүх бэлгэ тэмдэг Улаан талбайд төвлөрсөн юм. Иймээс бидний уг удмын дур зориг ба түүхэн дурсгалыг хүндэт гэнэ үү!» гэв.Хүний эрхийг хамгаалагчид Лениний шарилыг мавзолейгээс гаргахын төлөө байна. Ленин бол дарангуйлан захиргаадах төрийг үндэслэн байгуулагчийн нэг хэмээн ЗХУ-ын залхаан цээрлүүлэлтэд хэлмэгдэгсдийг цагаатгах асуудал дээр ажиллаж буй «Дурсгал» нийгэмлэгийн тэргүүн Арсений Рогинский үзэж байна. Бид нэгэнт эрх чөлөөтэй ёс төрт улс цогцлон байгуулж байгаа бол Лениний шарил Улаан талбайд байх ёсгүй. Цаашид байлгах нь түүхийн бүх чиг баримжааг гуйвуулж мэднэ гэж «Дурсгал» нийгэмлэгийн удирдагч хэлээд «Тэрээр үнэхээр гарамгай хувьсгалч юм. Үүний хамт дарангуйлагч дэглэмийн төлөө  хатуу тууштай тэмцэж, дарангуйлан захиргаадах дэглэм л улс орныг ирээдүйтэй болгоно хэмээн үздэг байсан. Зөвлөлт засгийн анхны жилүүдийн террорыг Ленин л хариуцах ёстой. Бид амар тайван улсад аж төрөхийг хүсч байгаа бол хүмүүст хэвийн бэлэгдэл, чиг баримжааг төлөвшүүлэх ёстой. Лениний үзэл санаагаас бүрэн төгс ангижрах нь ойрын зорилт гэж үзэж байна» гэв. Оросын үнэн алдартны сум хийд энэ асуудлаар тодорхой байр суурь баримталж байна. Христосын  ба хүнлэг ёсоор  шарилыг оршуулах ёстой гэж Москвагийн үнэн алдартны шашны дээд байгууллагын сум хийд, нийгмийн харилцааны асуудал эрхлэсэн хэлтсийн дэд дарга шашны зүтгэлтэн Георгий Рощин хэлээд «Сум хийд Лениний шарилыг газарт  оршуулахыг аль хэдийнээс уриалж эхлэсэн. Тэрээр өөрийг нь эцэг эхийх нь дэргэд оршуулахыг хүссэн билээ. Иймээс мөн уриа Лениний хүсэл зориг ба Христосын шашны уламжлалд нийцэж байна. Газарт хэвийн оршуулвал хүмүүс чөлөөтэй ирж, манай орны түүхэнд  мөрөө үлдээсэн хүний дурсгалыг хүндэтгэнэ. Мавзолейн тухайд гэвэл Лениний шарилыг газарт оршуулвал Улаан талбайд мавзолейг байлгах шаардлагагүй болно» гэв. Мавзолей бол улс ,төр засгийн төдийгүй ХХ зууны 20-иод  оны эхээр Алексей Щусевын бүтээсэн архитектурын дурсгал мөн. Эдүгээ мавзолей Кремлийн цогц олбор барилга байгууламжуудын салшгүй нэг хэсэг болсон учраас  түүнийг хэвээр нь хадгалах хэрэгтэй гэж Хот байгуулалтын хүрээлэнгийн ажилтан Ольга Тер-Восконян тэмдэглэн хэлээд «Энэ нь юуны түрүүнд нэрт архитекторчийн бүтээсэн ахитектурын дурсгал юм. Тэр үед бүгдийн сэтгэлд нийцсэн билээ. Түүнээс гадна  талбайн бүтцэд нөлөөлж, олон нийтэд ч  хүртээмжтэй болгов. Мавзолей эртний архитектур  ер нь Улаан талбайд онцгой нийцсэн» гэв. Гэвч Мавзолей аялал жуулчлалын байгууламж төдий  болсон гэж оросын иргэдийн гуравны нэг нь үзэж байна. Иймээс түүнийг музей болгож хувиргах санал дэлгэрсэн гэж түүхч Марина Бобкова үзэж байна. «Мавзолей бол мэдээжээр бидний уламжлал, бидний түүхийн чухал хэсэг юм. Иймээс Мавзолейг Лениний амьдрал, ажлыг танилцуулах музейн хувьд хэвээр нь хадгалах хэрэгтэй. Тэрээр үнэхээр амьдрал дээр бодит үйл ажиллагаа явуулсан  ер бусын хувьсгалч юм. Мэдээжээр түүхийн хэд хэдэн ном зохиол нь өнөө болтол чухал ач холбогдолтой хэвээр байна. Энэ шийдвэрт тун нухацтай хандахын хамт манай орны түүхийг хүндэтгэх хэрэгтэй» гэж түүхч Марина Бобкова хэллээ. Лениний занданшуулсан шарилыг Мавзолейд байрлуулж улмаар 1924 оноос олон нийтэд  үзүүлж байна.Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад  Лениний шарилыг Улаан талбай дахь Мавзолейд байлгах нь зүй бус хэрэг хэмээн оросын  олонхи  иргэд үзэж байна. Сүүлийн зургаан жилд тийм  бодолтой  хүмүүс 40-өөс 44 хувь болтол өсөн нэмэгджээ. Ямар нэг тодорхой шийдвэр гаргах цаг болоогүй гэж шинжээчид үзэж байна. Владимир Ильич бол  мөнхийн зүтгэлтэн мөн гэж үздэг  үеийнхэн бүрэн төгс солигдтол  шийдвэр гаргахгүй бололтой.