Ливийн босогчидод зэвсэг нийлүүлж эхэллээ. Үндэсний шилжилтийн зөвлөлийн сөрөг хүчний штабын дарга Фаттах Юнис энэ тухай мэдэгдлээ. Зэвсгийг “гадаадаас” нийлүүлж байна гэж тэр ярьсан байна. Босогчидод иймэрхүү маягийн тусламжийг ямар улс үзүүлэх болсныг генерал тодоруулсангүй. Харин дараахан нь Үндэсний шилжилтийн зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга генералын үгийг баталсан боловч нарийн ширийн юм ярихаас бас татгалзлаа. Адждабия хотоос холгүй байгаа катарын “Аль-Жазира” сувгийн сурвалжлагчдын нэг сөрөг хүчний цэргүүд англид үйлдвэрлэсэн хамгаалалтын хантааз өмссөн байсныг харсан гэж мэдээлсэн байна. Улс оронд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Каддафигийн их буучид Мисрата, Адждабия хотуудыг буудсаар л байна. Сөрөг хүчнийхэн одоохондоо энэ хотыг хянаж байна. Бреги хотын гудамжуудад буудалцаан үргэлжилж байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмч нар шархдагсдыг тус улсаас нүүлгэн шилжүүлж байна.