Ижил бус боловч хүчтэй түншүүдийн дээд хэмжээний уулзалт. Хятадын Хайнаньд энэ долоо хоногт болсон форумыг Барууны ХМХ-ийн шинжээчид ингэж дүгнэлээ. Үнэн чанартаа халуун орны энэ арал дээр цугларсан улсуудын тэргүүнүүд зөвхөн цаг агаарын нөхцөлөөрөө ч бус улс төрийн байдлаараа ч өөр өөр байлаа. Тэглээ ч гэсэн Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ /БРИКС/ зэрэг улсуудын удирдагчид нэгдсэн байр сууриа боловсруулж чадлаа. Дэлхийн тавцан дээр тун саяхан гарч ирсэн байгууллагын түүхийг Барууны ХМХ-үүд өөрийнхөө уншигчидад сануулж байлаа. Хөгжиж буй орнуудад дэлхийн эдийн засгийн секторын багахан хэсэг ноогдож байсан 2001 онд БРИК гэсэн товчилсон нэр гарч ирсэн юм. ОУВС-гийн таамаглалаар 2015 он гэхэд эдгээр улсууд дэлхийн хүн амын тал хувь буюу 3 тэрбум гаруй хүнийг төлөөлөх ба капитал болон технологийн дэлхийн хэрэглээний тал хувь, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 гаруй хувийг эзлэх болно. Ле Поинт францийн хэвлэл, америкийн Форбс сэтгүүл БРИКС-ийг “дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүр” гэж нэрлэсэн байна. Эдгээр улсуудад хамгийн идэвхитэй хэрэглэгч болох хөгжиж байгаа дунд анги байгаа гэдгийг мартах ёсгүй.  БРИКС-т нэгдсэн улсууд харилцан адилгүй гэдгийг барууны хэвлэлүүд  жишээ нь Тайм, Уолл Стрит Жорнел сэтгүүлүүд тэмдэглэж байна. Иймэрхүү улсууд тохиролцоход маш хүнд байх болно гэсэн гутрангуй дүгнэлтийг тэдний шинжээчид хийжээ. Дүгнэлт маргаантай болно учир нь дээд хэмжээний уулзалтын дүнгээр санхүүгийн хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Долларын оронд үндэсний валютаар хамтын тооцоо хийх болон зээл олгох зэрэг нь 5 орны анхны хамтарсан төслүүд юм. Дэлхийн эдийн засгийг “долларын тулгуураас” холдуулах нь Хайнанийн форумын үндсэн сэдвүүдийн нэг байсан шүү дээ. Барууны тэргүүлэх хэвлэлүүдийн иймэрхүү тайлбар нь АНУ, Европ хоёр өөрсдийн санхүүгийн тэргүүлэх үүргээ алдахаас айж байгааг харуулж байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Андрей Володин үзэж байна: «Дэлхийн эдийн засгийн замбараагүй байдлаас ангид бие даасан бүтцийг дэлхийн эдийн засагт бий болгох нийтлэг сонирхол байна. Энэ тэдний стратегийн ашиг сонирхолд нийцэж байна. БРИКС-ийн орнууд зохих ёсны харилцан буулт хийж байгаа, харилцан буулт хийхгүй улс төр гэж байдаггүй юм. Уолл Стрит Жорнел сэтгүүл, БРИКС нэгдэл эдийн засгийн утгаараа хөл дээрээ зогсоод зогсохгүй өөрийн хүрээндээ өөр улсуудыг татаж магадгүй гэсэн  хөгжингүй орнуудын эрх барих хүрээ болон түүний эдийн засгийн болон улс төрийн дээдсүүдийн болгоомжлолыг илэрхийлсэн байна. Яг энд л дэлхийн хөгжил дэх барууны орнуудын институтын санхүүгийн тэргүүлэх үүргийн асуудал урган гарч ирнэ. Энэ тэргүүлэх үүрэг эргэлзээ төрүүлж эхлэх болно» гэж тэр хэллээ. БРИКС-ээс Барууны орнууд тэр дундаа ЕХ болгоомжилж байгааг, одоо болтол Европт “гадаад ертөнцөд” юу болж байгааг муу ойлгодогтой холбож тайлбарлаж болно гэж Европарламентийн депутат Жульетто Кьеза ОДХ-д  ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Миний бодоход европчууд өөрсдийнхөө тухай л их боддог улсууд. Бодол санааных нь давамгайлаж байгаа элемент нь евроцентризм. Тэд л хамгийн чухал хүмүүс гэсэн бодлоор  үйлчлэх явдал нь үргэлжилсээр л байна. Татах хүчний төв дорно зүг рүү шилжиж байна гэдгийг маш муу ойлгож байгаа юм. Би “дорнод” гэж ярихдаа Латин Америк, Африкийг ч бас оролцуулж байгаа юм шүү. Дэлхий дахин эрчимтэйгээр өөрчлөгдөж байна шүү дээ» гэж тэр хэллээ. БРИКС-ийн хувьд гэх юм бол энэ байгууллагад асар их ирээдүй байна гэдэгт Кьеза итгэлтэй байна:«Энэ байгууллага Баруунтай харилцах эдийн засаг, арилжааны харилцаанд нөлөөлж байна. Ийм учраас БРИКС амьдрах чадвартай. Тэнд мөнгө, хөрөнгө байна тэгэхлээр тэд ирээдүй гэсэн үг. Европ тив бүхлээрээ өнөөдөр ямар байгаа вэ яг түүн шиг учраас амьдрах чадвартай юм» гэж тэр хэллээ. Европарламентын гишүүн яриад байгаа “дорнодын” тухайд гэвэл БРИКС-т түүнээс өргөн хүрээтэй зорилт байгаа гэдэгт итгэлтэй байна. Таван орны хамтын ажиллагаа нь дэлхийд хожигдолгүй нөхцөл байдлыг бий болгоно гэдэгт хятадын Чайна Дейли сонины тоймчид итгэлтэй байна. БРИКС-д оролцогч орнууд Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудын эрчимтэй хөгжлийг ашиглаж бүс нутгийн зах зээлд өөрийн экспортыг чиглүүлэх болно. Ингэснээр тус байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийг улам л ташуурдах болно. БРИК тухайн үедээ эдийн засгийн байгууллага маягаар гарч ирсэн. Харин Хятадад болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон таван улсын тэргүүнүүд Ливийн байдлын тухай мэдэгдэл хийлээ. АНУ болон НАТО ливийн хотуудыг бөмбөгдснөөрөө АЗ-ийн тогтоолд заасан арга хэмжээний хүрээнээс хальсан гэж БРИКС-ийн улсуудын удирдагчид үзсэн байна. НҮБ-ийн баримт бичигт заасан заалтыг хатуу мөрдөхийг барууны эвсэлд уриаллаа. Ингэснээрээ БРИКС өөрийгөө улс төрийн нэгдэл байдлаар харууллаа гэж шинжээчид тэмдэглэж байна. Энэ байдалд хүрэх зам тийм ч ойр биш байхаа.