Дэлхий орчмын сансарын орон зайд анхны хүн ниссэний 50 жилийн ойг дэлхий даяараа энэ долоо хоногт тэмдэглэлээ. 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн нисэгч Юрий Гагарин “Восток” хөлгөөр манай гаригийг тойрон ниссэн билээ. Энэ өдрөөс эхлэн хүн төрлөхтөний сансарын эрин эхэлсэн юм. ОУ санал болгосны дагуу НҮБ-ийн ЕА, 2011 оноос эхлэн энэ өдрийг хүн анх сансарт ниссэнийг тэмдэглэх олон улсын өдөр болгон зарласан билээ. Сансарын нисэгчдийн “нэг номерийн” зөвлөлтийн отрядад 20 хүн байсан юм. Тэд бүгдээрээ л анхны нислэг хийхийг мөрөөдөж байсан боловч сансарын замыг Гагарин нээсэн юм. Ижилхэн нөхдийнхөө дундаас тэр арай илүү нь байсан юм гэж ЗХУ-ын 2 удаагийн баатар, нисэх хүчний хошууч генерал, сансарын нисэгч, сансарт 3 удаа ниссэн Виктор Горбатко ярьж байна. Анхны тэр багийнхнаас дөрвүүлэхнээ үлдээд байна. Виктор Горбатко дурсан санахдаа: «Намайг эмнэлэгийн комисс үзэж байхад Юрий тасагт орж ирсэн юм. Бид мэнд усаа мэдэлцэж, тэр Гагарин, би Горбатко гэж өөрсдийгөө танилцууллаа. Хоёулаа ахлах дэслэгчид. Тэгээд тэр инээмсэглэсэн юм. Энэ инээмсэглэлийг тэр үед би их үнэлсэн юм. Энэ гайхамшигтай инээмсэглэл оросуудын, зөвлөлтийн хүмүүсийн, бүх дэлхийг ялангуяа түүний очиж байсан улс орны хүмүүсийн сэтгэлийг эзэмдсэн билээ. Тэр харилцахад маш энгийн хөгжилтэй, олон талын мэдлэгтэй юм бүхнийг явдал дундаа л сурдаг хүн байсан билээ. Ер нь маш богиноор дүгнэх юм бол ижилхэн нөхдийнхөө дундаас илүү нь байсан юм» гэлээ. Энэ домогт нислэг 108 минут үргэлжилсэн юм. Энэ нислэг маш хэцүү сэтгэл санааны саадыг даван туулж хүн одот тэнгэр рүү нисэж чадна гэдгийг батлаж өгсөн юм. Энэ үйл явдал нь сансарт хамгийн анх “цонх гаргах” хатуу шүрүүн өрсөлдөөнд АНУ-ыг ялсан ЗХУ-ын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн ялгуусан ялалт байсан юм. Яг одоо сансар судлал бол тэргүүн амжилтын хөдөлгүүр, олон улс орны нягт хамтын ажиллагааны талбар болоод байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Юрий Гагарины сансарын нислэгийг хувьсгалт үйл явдал гэж нэрлээд: «Энэ бол зөвлөлтийн сансар судлалын гарамгай ололт амжилт юм. Үүнээс хойш хүн төрлөхтөн сансарт хүн нисэхээс өмнөх үе сансарын эрин зууны үе гэж хуваагдсан билээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг хийлээ, сансарт олон удаа нислээ, хүн Саран дээр буулаа, асар олон орон өөрийнхөө сансарын нисэгчдийг сансарт илгээлээ. Тэгэхдээ л хүн төрлөхтний генийн хөгжлийн суурийн шавыг тавьснаараа энэ үйл явдал маш том ач холбогдолтой бөгөөд анхны алхам хийнэ гэдэг үнэхээр чухал байсан билээ. Энэ алхамыг миний эх орон хийсэн гэдгээр би маш их бахархадаг юм» гэж ерөнхийлөгч хэллээ. ОУ агуу их сансарын гүрэн улс гэсэн статусаа одоо ч гэсэн хадгалсаар байна. Өнөөдөр тус улс дэлхийн пуужин тээгч хөөргөлтийн бараг тал хувийг гүйцэтгэж байна. Шинэ шинэ амжилт ололт гаргах нөөц бололцоо улс оронд минь байна гэж Владимир Путин пуужинт сансарын салбарыг хөгжүүлэх талаар хийсэн зөвлөлгөөн дээр тэмдэглээд:«Бид тэргүүний технолог, чадвартай боловсон хүчин, хосгүй үйлдвэрлэлийн бааз, газар дээрх дэд бүтэцтэй билээ. Манай хиймэл дагуулын бүлэглэлд 100 гаруй аппарат байгаа бөгөөд цаашид дэс дараатайгаар нэмэгдүүлэх болно. Зөвхөн Орос улс л АНУ, Хятад улсуудтай эн зэрэгцэн жолоодлогт нислэг хийх бүх технолог, боломж байгаа бөгөөд ОУСС-ийн хөтөлбөрүүдийг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна» гэлээ. Гагарины нислэгийн 50 жилийн ойг тэмдэглэх өдрүүдийн үеэр ОУСС-ийн ашиглалтыг 2020 он хүртэл сунгахаар ОУ түншүүдийнхээ хамтаар шийдлээ. Ирэх жил түүний бүрэлдхүүнд оросын шинэ олон ажиллагаат лаброторын модулийг залгах болно. Мөн ОУ 2016 он хүртэл 3 блокыг хөөргөж тус станцийн оросын сегментийг бүрэн бүрдүүлэх болно. Сүүлийн хагас зуун жилд дэлхий орчмын тойрог замд 500 хүн очсон байна. Тэднээс зөвхөн 50 нь л эмэгтэй байна. “Ододын хатагтай” дунд сансарын нисгэгч Елена Кондакова онцгой байр эзэлдэг юм. Орос эмэгтэй сансарт хамгийн удаан бараг хагас жил байж, эмэгтэй хүн сансарт байх дээд амжилтыг тогтоосон юм. Оросын болон америкийн сансарын хөлгөөр ниссэн анхны эмэгтэй тэр бас болсон юм. “Атлантис” хөлгийн экспедицид оролцож ниссэнийхээ төлөө тэр НАСА-гийн медалиар шагнагдсан юм. Шаттлаар гараанд гарах сансарт нэвтрэх зэрэг нь оросын хөлгөөс хүнд байдаг гэж Елена Кандакова дурсан санаж байна: «Оросын хөлгөөс ялгаатай нь америкчуудад жирийн аврах систем байдаггүй юм. Америкийн “Челленжер” хөлгийн сүйрлийг бид бүгдээрээ санаж байна. Онцгой нөхцлийг тусгаж авах систем манай хөлгүүдэд арай төгөлдөр байдаг. Сансарын нисэгчдын амь насанд аюултай үеүүд зөндөө л гарч байсан тэгэхэд “Союз” хөлгийн аюулгүй байдлын систем биднийг аварч байсан. 1983 онд сансарын нисгэгч Владимир Титов, Геннадий Стрекалов хоёр ослын үеийн аврагч системийн хүчинд л амьд мэнд үлдсэн билээ» гэлээ. Өнөөдөр орос, америкийн мэргэжилтнүүд гариг хоорондын сансарын хамтарсан аялалын боломжийн тухай хэлэлцэж байна. Марс гариг руу нислэг хийх техникийн талын асуудал байхгүй гэдэгт Роскосмос итгэлтэй байна. Тэгэхлээр ойрын ирээдүйд ийм аялал зүгээр л онгоцоор аялан нисэж байгаа юм шиг жирийн л зүйл болохнээ.