ОХУ-ын Олон нийтийн танхим авилгалтай тэмцэх бодлогыг  орчин цагийн Орост үр бүтээлтэй болгох тухай илтгэлийг ерөнхийлөгчийн далгавраар бэлтгэж байна. Иргэний хяналт бол энэ үзэгдэлтэй хийх тэмцлийг амжилттай болгох нөхцөл болзол хэмээн ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Сүүлийн үед авилгалтай хийх тэмцэл Орос улсад гол зорилтын нэг болсон. Авилгалтай тэмцэх тухай хуулийг батлаж, үндэсний стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Түшмэд болон тэдний гэр бүлийн гишүүдийн орлогыг нийтлэн мэдээлж байна. Төрийн тэргүүнд шууд захирагдах ОХУ-ын мөрдөн байцаах хороог байгуулсан юм. Авилгал олон улсын асуудал болсон учраас ОХУ бусад улс оронтой хүчин чармайлтаа уялдуулан зохицуулж байна. Манай орон НҮБ-ын тусгай конвенцид нэгдэж, авилгалын төлөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай Европын зөвлөлийн конвенцид хавсаргах нэмэлт протоколд гарын үсэг зурж, Авилгалтай тэмцэх олон улсын академийг зохион байгуулагчийн нэг болсон юм. Авилгалтай тэмцэх хэсэг улс олон улсын мөн байгууллагын зөвлөмжийг ОХУ биелүүлсэн тухай тайланг сайшаав. Манай орон мөн баримт бичгийн 26 зүйл ангиас хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлагыг оролцуулан хоёр зүйлийг нь хоёр жилийн дотор биелүүлээгүй байна. Харин зохих эрх зүйн үндэс суурь тавих ажил үргэлжилж байна. Эдүгээ авилгалтай хийх тэмцэл тодорхой үр дүнд хүрснийг  Оросын оршин суугчид ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулан дэлхийн хамтын нийгэмлэгч харж байна. Тухайлбал өнгөрсөн онд бараг 10 мянган хүний эсрэг 8600 эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлжээ. 8 мянга орчим шийтгэх тогтоол гаргаж, янз бүрийн зиндааны 720 төрийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагуудын бараг 1300 ажилтныг шийтгэжээ. Одоо Орост авилгалтай хийх тэмцэл шинэ түвшинд гарч байна гэж авилгалтай тэмцэх Ундэсний хорооны дарга Кирилл Кабанов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Сүүлийн үед илүү өндөр албан тушаал хашиж буй этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Бүр ерөнхийлөгчийн тамгын газар ба төрийн захиалгатай холбоотой Хянан шалгах газрын төлөөлөгчид тэдний дотор байна. Ерөнхийлөгч зах зээлийн түшмэдэд нэлээд ашигтай  салбаруудыг илрүүлж, тодорхой алхам хийж байна» гэв. Гэвч авилгалыг хүлцэхгүй хандлага нийгэмд төлөвшихгүй бол  авилгалын эсрэг эрх баригчдын хамгийн хатуу арга хэмжээ ч үр дүнд хүрэхгүй. Нийт олон авилгалд хэрхэн хандаж байгаа тухай Олон нийтийн танхимын илтгэлд өгүүлснийг тус танхимын гишүүн Ирина Котелевская тэмдэглээд: «Орост авилгал бий болгоход чухам ямар хүчин зүйл нөлөөлж байгаад анхаарлыг хандуулсан. Эдгээр шалтгаан, болзолыг илрүүлж дурдах зорилт тавьсан. Түүнээс гадна авилгалтай  тэмцэх арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийж, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль сахиулах, шүүх зэрэг янз бүрийн хүрээг авч үзэх хэрэгтэй» гэв. Ирина Котелевская цааш нь өгүүлэхдээ Оросын бүс нутагт авилгал үнэн хэрэг дээр ямар байгааг мэдэхийн тулд Олон нийтийн танхимаас утсаар шууд холбоо барьж авилгалын тухай мэдээлэх  газрыг нээсэн. Бүтэн хагас сарын хугацаанд 1104 хахууль авсан өгсөн тохиолдлын талаар мэдээлээд байна. Бид бүс нутагт нэмэлт судалгаа хийж, бүс нутаг дахь авилгалын онцлогыг илрүүлэх бодолтой байна. Энэ зорилгоор орон нутгийн олон нийтийн танхимуудын боломжийг ашиглана. Илтгэл авилгалтай тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх ялангуяа магадлан шинжлэх, хянан шалгах ажиллагаанд иргэний нийгэм хэрхэн оролцох тухай төгсгөлийн бүлэгтэй байх болно гэж Ирина Котелевская хэллээ. Авилгалтай хийх тэмцэл төр улсын нэр төрийн хэрэг болсон гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев ахин онцлов. Авилгал нийгмийн шинэтгэл явуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд саад учруулж, нийт олныг түгшүүлж, засгийн байгууллагуудад үл итгэх явдлыг бий болгож, олон улсын тайзанд Оросын дүр төрхийг зохисгүй болгож, улс орны аюулгүй байдалд  заналхийлсан юм.