Оросын шинэ пуужингуудад зориулан шинэ шинэ сансрын хөлгийн буудлыг барьж байгуулж байна. «Русь» жолоодлогот сансрын хөлөг Амар мужид барьж байгаа «Восточный» сансрын хөлгийн буудлаас гурван жилийн дараа хөөрнө. Оросын «Союз-СТ» зөөгч пуужинд зориулсан «Куру» цогцолборыг нэг сарын дараа Францын Гвианд барьж дуусана. «Куру» сансрын хөлгийн буудлаас хөөргөх «Союз-СТ» бол «Союз-2» пуужингийн шинэчлэсэн загвар юм. Европын түншүүдээс аюулгүй байдал, телебагажийн системд тавьсан шаардлагыг харгалзан шинэчлэсэн юм. Оросын сансрын агентлагийн удирдагч Анатолий Перминовын ярьснаар бол оросын анхны «Союз»  хөлөг пуужинг Францын Гвиан дахь Куру сансрын хөлгийн буудлаас энэ оны 8-9-р сард хөөргөх юм. Эдүгээ илүү хүнд даацтай, манёвр сайтай жолоодлогот сансрын хөлөг Орост  шаардагдаж байна. Пуужин-сансрын «Эрчим хүч»  нэгдэл  шинэ сансрын хөлгийг зохион бүтээж байна. «Русь» сансрын хөлөг дэлхий ба Сар орчмын тойрог замд нислэг хийнэ. Зургаан хүн багийн бүрэлдэхүүнд нь орно. Тэд 500 кг-аас багагүй ачаа сансарт  тээвэрлэнэ. Мэдээжээр шинэ сансрын хөлөгт шинэ зөөгч пуужин шаардагдана  гэж «Новости космонавтики» сэтгүүлийн тоймч Игорь Лисов хэлээд «Шинэ пуужинд хөөргөх шинэ цогцолбор шаардагдана. Казахстаны Байконурт цогцолбор барих нь зүй бус хэрэг юм. Иймээс түүнийг Орост байгуулах асуудал тулгарлаа. Шинэ сансрын хөлөг Олон улсын сансрын станцын тойрог замд нисэх юм. Алс Дорнодод барихаар шийдвэрлэсэн»  гэлээ. «Восточный» сансрын хөлгийн буудлыг энэ зун Амар мужид барьж эхлэнэ. 1500 орчим барилга байгууламж энд барих юм. Хөөрөх хоёр цогцолбор, сансрын нисгэгчдийг бэлтгэх, эмнэлгийн үзлэгийн төв, ус төрөгч хүчил төрөгчийн үйлдвэрүүд ч байна. Анхны хөөрөх талбарыг 2015 онд ашиглалтад оруулж нисгэгчгүй сансрын хөлөг нисгэхээр төлөвлөжээ. Урьдчилсан тооцооноос харахад Орос улс 2020 оноос хойш сансрын бүх аппаратынхаа 45 хувийг «Восточный» сансрын хөлгийн буудлаас хөөргөх юм.44 хувь нь Плесецк дэх сансрын хөлгийн буудалд ногдоно. Хорт түлш хэрэглэж буй «Протоныг» орлох «Ангара» шинэ пуужин зөөгчийг 2013 онд тэндээс анх удаа хөөргөх юм. Сансар огторгуйг эзэмших талаар тэргүүлэгч  улсууд  хорт бодисыг орлох өөр хүчирхэг аргыг олоогүй. Харин оросын эрдэмтэд «Ангара» зөөгч пуужинд хэрэглэх экологийн цэвэр түлшийг зохион бүтээжээ. Ангараг гараг руу хийх нислэг нь Оросын зоримог төлөвлөгөөний нэг болсон. Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминовын тэмдэглэснээр ийм сансрын аялалд цөмийн хөдөлгүүр бүхий сансрын хөлөг шаардагдана. Оросын мэргэжилтнүүд мөн  хөдөлгүүрийг 2019 он гэхэд, шинэ сансрын хөлөг 2025 онд зохион бүтээх төлөвлөгөөтэй байна. Казахстаны «Байконур» сансрын хөлгийн буудлын тухайд гэвэл оросын  сансрын нислэгийн дөнгөж 11 хувь нь түүнд ногдох юм. Оросын сансрын агентлагийн тэргүүн уг сансрын хөлгийн буудлыг хувьчилж, хувьцааны нэг хэсгийг АНУ, Европ, Украйн, Казахстанд  шилжүүлэхийг санал болгов. Миний бодоход оросын тал 70 хувийн хувьцаа эзэмшиж,  30 хувийг бусад талд хуваарьлаж болно гэж Анатолий Перминов Холбооны зөвлөл дээр хэлсэн үгэндээ  тэмдэглэжээ.