20 хүн сансрын нисгэгчдийн анхны отрядын гишүүн болжээ. Хүн бүр нислэг хийх мөрөөдөлтэй байсан ч Юрий Гагарин л сансрыг эзэмших замыг нээсэн юм. Тэрээр бидний дотор  хамгийн шилдэг нь байсан гэж ЗХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал, анхны сансрын нисэгчдийн нэг Виктор Горбатко үзэж байна. «Сансрын нисгэгчдийн анхны отрядын гишүүдийг шилэн авч байсан үед бүр 1959 онд Гагаринтай танилцлаа. Эдүгээ миний бие болон Валерий Быковский, Борис Волынов, Алексей Леонов гээд мөн отрядын дөрөвхөн гишүүн сэрүүн ахуй байна гэж Виктор Горбатко «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Надад эмнэлгийн үзлэг хийж байсан үед тасагт Юрий ирсэн. Намайг Гагарин, намайг Горбатко гэдэг гэж анх танилцлаа. Хоёулаа ахлах дэслэгч цолтой байсан. Тэр инээмсгэлэв. Энэ инээмсгэл хожим зөвлөлтийн нийт ард түмний төдийгүй түүний аяласан улс орон бүрийн сая сая хүмүүсийн сэтгэлийг татав.Тэр цог золбоотой өв тэгш мэдлэгтэй, хүнд түвэгтэй зүйлийг даруй амархан ойлгодог хосгүй хүн  байсан. Бид үе тэнгийнхэн. Гагарин 1934 онд, бид дөрвүүлээ  тэр онд төрсөн юм. 3-р сард анхны отрядад нийт 12 хүнийг шилэн авсан. Бас 8 хүнийг 4-6-р сард элсүүлэв. Шилэн авсан 20 хүнээс  12 нь л нислэг хийсэн. Эмнэлгийн нарийн  үзлэгийн үр дүнд зарим хүнийг эрүүл мэндийн байдлаас болж элсүүлээгүй. Сахилга бат алдсан тохиолдол ч гарав. Жишээ нь  Гриша Нелюбов энэ шалтгаанаар  хасагдлаа. Титов Гагарины 1-р орлогч нисэгч, Нелюбов 2 дахь нь байлаа. Тэр ухаантай залуу  байв.Гэвч сахилга бат чанга баримтлаагүй байсан» гэв. Виктор Горбатко цааш нь хэлэхдээ бүгд анхны сансрын нисгэгч болохыг хүсэн мөрөөдөж байсан. Юрий, Сергей Павлович Королёвтой учрахынхаа өмнө ч анхны сансрын нислэг хийхэд нэр нь дэвшсэн байсан. Королёв Гагариныг шилэн авч бусдаас илүү удаан түүнтэй ярьж, жагсаалтад багтаасан гэлээ. Юрий Гагарин  сонсогч, сансрын нисгэгч, отрядын дарга, сансрын нислэгийг бэлтгэх төвийн дэд дарга гээд олон алба хашсан ч  энгийн хүний зан төлөвтэй хэвээр байсан. Сансрын нисгэгч Горбатко  нэгэн жирийн жишээг дурдан хэлэхдээ «Оддын хотхонд концерт тоглосон. Гагарины гэргий Валя эмнэлэгт байсан учир Юра тийшээ очоод концерт үзэхээр эргэж ирлээ. Концертын дараа тэр «Та нарыг  машинаараа хүргэж өгье гэж гэргий бид хоёрт хэлэв.  Бидний амьдардаг байшин хүртэл дөнгөж 300-400 метр  байв. «Чи 500 метр  явган явж чадахгүй болсон уу?Заавал машинаар явах уу? гэж миний гэргий  хэлэхэд Юрий  «Эмнэлгээс ийшээ шууд ирсэн » гэв. Нэр алдартай  болсон ч  сайн анд хэвээр байв. Анхны отрядын гишүүн бүгд сансрын нислэг хийсний дараа би ахин нислэг хийнэ» гэж Гагарин ямагт ярьж байсан юм. Гагарин, Владимир Комаровын орлогч сансрын нисгэгч байсан үед  хамт бэлтгэл хийлээ. Тэр нислэгт маш сайн бэлдэхийн зэрэгцээ сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн дэд даргын үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн. «Оддын өвчин» гэгч тусаагүй гэж ЗХУ-ын хошой баатар дурсан хэллээ. Харамсалтай нь Юрий Гагарин сансарт ахин нислэг хийх хүслээ биелүүлж чадсангүй гэж дэлхий орчмын тойрог замд гурван удаа нислэг хийсэн  Виктор Горбатко хэллээ.