Африкийн холбооны төлөөлөгчдийн санал болгосон улс орных нь байдлыг зохицуулах төлөвлөгөөг Ливи улсын засгийн газар зөвшөөрлөө. Ливийн мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума энэ тухай мэдэгдлээ. Ням наригт Зума, Мавритан, Мали, Конго улсуудын ерөнхийлөгчидтэй хамт Триполид ливийн удирдагч Муаммар Каддафитэй уулзсан юм.Ливи улсын омог аймгууд, нийгмийн янз бүрийн давхаргийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээг эхлэх, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх аюулгүй байдлыг хангах, нэн даруй гал зогсоох зэрэг ажлууд төлөвлөгөөнд орсон байна. Муаммар Каддафигийн хүчинд НАТО агаараас цохилт өгч байгаа ажиллагааг түр зогсоох нь гал зогсоох тухай хэлэлцээр явуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой гэж Африкийн холбооны зуучлагчид үзэж байна.Триполийн дараа дөрвөн улсын ерөнхийлөгчид ливийн зэвсэгт сөрөг хүчнийхний зөвшөөрөлийг авахын тулд тэдний голомт болсон Бенгази хотыг зорилоо. Ливийн мөргөлдөөнийг Африкийн холбооны санал санаачлагаар шийдэж амьдралд хэрэгжүүлж болох уу гэж Ливи улс дахь ОУ-ын элчин сайд асан Алексей Подцеробоос асуулаа. «Миний бодлоор Каддафи болон ливийн бусад удирдагчид энэ санал санаачлагыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ. Хэлэлцээрийн замаар асуудлыг шийдье гэж тэд удаа дараа санал тавьж байсан . Харин босогчид энэ байдлыг хэрхэн хүлээж авах нь өөр асуудал юм. Тэд одоо болтол зөвшөөрөхгүй байсан. Харин одоо тэд зөвшөөрөх байх гэсэн найдвар байна. Яагаад гэвэл НАТО-гийн нисэх хүчин тэднийг дэмжиж байгаа ч гэсэн засгийн газрын цэрэг давшсаар л байна. Үүнээс үүдээд босогчдын байдал муудсаар байна. Харин Барууныхан яаж хүлээж авах нь тодорхой бус байна. Нэг талаас, Ливи улсад эцсийн эцэст энх тайван тогтож, байдлыг улс төрийн зохицуулалтад оруулах эхлэл тавигдаж байна. Нөгөө талаас, Барууныхны өмнөө тавьсан зорилт биелэгдээгүй байгаа шүү дээ» гэж Алексей Подцероб хэллээ.Тэд Муаммар Каддафиг улс төрийн тавцангаас зайлуулах зорилт тавьсан билээ. Хамгийн гол нь тэр бууж өгөх нь байтугай  харин ч эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ харууллаа. Энэ утгаараа НАТО-гийн бөмбөгдөлт ямарч үр дүн өгсөнгүй. Цахилгаан дайн явуулна гэж найдаж байсан нь талаар боллоо. Хойд атлантын эвсэл дэх ливийн талаархи санал зөрөлдөөн улам бүр газар авч байна. Зарим орнууд шууд л оролцохоос татгалзсан билээ. Харин зарим орнууд нь цэвэр хүмүүнлэгийн дэмжлэгээр хязгаарлана гэж мэдэгдсэн. Одоо НАТО-гийн хувьд маш хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болоод байна. Тэдний хувьд Африкийн холбооны саналыг дэмжинэ гэдэг Ливид явуулж байгаа цэргийн ажиллагаагаа дампуурсаныг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг болно. Яг одоо ливийн хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг дипломачид оролдож байхад Каддафигийн арми болон босогчдын хүчин байлдсаар л байна.