ОХУ, АНУ хоёр одооноос эхлэн оперативийн стратегийн цэнэгт хошуу болон түүний тээгчийг тус тус 1000 ширхэг хүртэл хорогдуулах тухай хэлэлцээрийг эхлэх ёстой. Тус гэрээнд заасан нөхцлийг хоёр тал 2018 оноос 2014-2015 он хүртэл ойртуулж “хурдасгаж” болно. Хоёр улсын “гол хоёр дипломатчид” асан Игорь Иванов, Мадлен Олбрайт нар Нью-Йорк Таймс сониноор дамжуулан Москва, Вашингтонд ийм санал тавьсан байна. Энэ нийтлэлийг СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээ байгуулсан ойг тохиолдуулан хэвлэсэн байна. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нар 2010 ны 4-р сарын 8-нд Прага хотноо энэ гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр тал стратегийн хүчний талаараа байнга мэдээлэл солилцож байх ёстой ба тус хүчний бүрэлдхүүн, бүтэц, байршлын талаар бие биендээ мэдээлж байх ёстой. Албан ёсны мэдээлэл солилцохоос гадна эсрэг талынхаа стратегийн зэвсэглэлийг газар дээр нь шалгаж байх эрхийг СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээ хоёр талд олгож байгаа билээ. 2011 оны 2-р сарын 5-нд гэрээний баталгааны итгэмжлэлийг солилцсноос хойш 45 хоногийн дараа бие биедээ мэдээлэл анх удаа олгох ёстой байсан юм. АНУ-ын стратегийн цөмийн хүчний тухай мэдээлэлийг америкчууд 3-р сарын 20-нд оросын талд дамжуулсан билээ. Харин тэд 3-р сарын 22-нд ОУ-ын талаас мэдээлэл хүлээж авсан билээ. Үүнээс гадна зэвсэглэлийн байршил дахь анхны шалгалтыг хийсэн байна. Америкчууд 3-р сарын 18-нд Дэвис-Монтан дахь цэргийн баазад байрлаж байгаа хүнд бөмбөгдөгч Б-1Б онгоцуудаа оросын мэргэжилтнүүдэд үзүүлжээ.  Задардаг хошуутай РС-24 “Ярс” тив алгасагч авсаархан баллистик пуужингаа оросууд  америкийн төлөөлөгчидэд үзүүлсэн байна. Москва, Вашингтоны үйл ажиллагаанаас харахад энэ гэрээ хоёр талд хоёуланд нь ашигтай байгаа бололтой. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн батлан хамгаалахын бодлого хариуцсан захирал асан Стивен Андерсений хэлснээр СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээ “цөмийн зэвсэггүй дэлхий тийшээ хийж байгаа алхам” гэдэг нь ойлгомжтой болжээ. Үүнийг Барак Обама “глобал зеро” гэж нэрлэдэг юм. Харин одоо энэ нь бүрэн бодит, боломжтой зүйл шиг харагдаж байна. Энэ гэрээг цөмийн зэвсэггүй дэлхий тийш хийж байгаа анхны алхам гэж үзэж болно. Харин нийтлэг дүн нь нилээд болгоомжлол төрүүлж байна гэдгийг оросын шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Харин одоо хамгийн цаг үеийн асуудалд л анхааралаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев үзэж байна: «Харин цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах талаар гэвэл энэ нь маш алс холын зорилт юм. Энэ гэрээ ОХУ, АНУ хоёрын хооронд хийж байгаа сүүлчийн гэрээ биш байгаасай гэдэг хамгийн ойрын зорилтыг л тавих хэрэгтэй байна. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд харилцан буулт хийсэн шийдвэр олж чадах уу үгүй юу гэдгээс их зүйл шалтгаалах болно. Хэрвээ ийм шийдвэр олж чадахгүй бол энэ гэрээг сүүлчийн гэрээ гэж үзэж болно» гэлээ. ПДХ системийн асуудал үнэхээр гол асуудал ч гэлээ цөмийн зэвсэггүй дэлхийд хүрэх замд бий болж мэдэх цорын ганц саад энэ биш ээ гэж ОШУА-ийн Олон улсын харилцаа ба дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Владимир Дворкин үзэж байна: «Иран, Хойд Солонгос улсуудын шийдэгдээгүй цөмийн хөтөлбөрийн асуудал бол хамгийн ойрын үеийн саад тотгор юм. Хятад, АНУ хоёр батлахгүй байгаа цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй байгаа явдал нь бас нэг саад юм. Энэ гэрээ нь зэвсгийн чанартай радио идэвхит бодисыг үйлдвэрлэхийг хориглох, тактикийн цөмийн цэнэгт хошуунд хяналт тавих тухай гэрээ юм» гэж тэр хэллээ. Ямар ч байлаа гэсэн СДЗ-ийн тухай 3 дахь гэрээг батласнаас хойш жил өнгөрлөө. Энэ нь тус гэрээ амьдрах чадвартай гэдгийг харуулж байна. Энэ нь анхны алхам байж болно гэхдээ энэ гэрээ зөвхөн ОХУ, АНУ-ын үндэсний эрх ашигт нийцээд зогсохгүй даяарчлалын стратегийн аюулгүй байдалд зохицож байна гэдэгт Улсын Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев итгэлтэй байна: «Стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах замд хийж байгаа маш чухал үе шат гэдгийг ойлгосны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлэхэд ОХУ, АНУ хоёр маш хариуцлагатай хандаж байна. Цаашдын энэ зам хир хурдан байх вэ гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй. Аль чигт явах вэ гэдгийг ойлгосон ба хүсэл зориг байна. Бүрмөсөн цөмийн зэвсэггүй  болох энэ замд хэдэн буудал байх юм, хичнээн хугацаа шаардлагатай вэ гэдгийг харамсалтай нь одоохондоо хэн ч хэлж чадахгүй» гэж тэр хэллээ. Хамгийн гол нь эхлэлийг нь тавилаа. Хэлэлцээрийн дагуу бүрэн байцаан шалгах ажил гэрээний баталгааны итгэмжлэлийг харилцан солилцсноос хойш 60 өдрийн дараа эхлэх ёстой. Ийм учраас цэргийн шинжээчдийн анхны харилцан айлчлал 4-р сард болно. Ингэснээр СДЗ-ийн тухай 3 дахь гэрээ хүчин төгөлдөр болно. Энэ гэрээ орос, америкийн харилцааны ерөнхий байдал болон стратегийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэдэгтэй бүх шинжээчид санал нэгтэй байна