Өнөөдөр 4-р сарын 10-нд Смоленск орчимд польшийн Ту-154 онгоц сүйрснээс хойш яг нэг жил болж байна. Тус улсын улс төрийн дээдсүүд, Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий болон тус онгоцонд сууж явсан 96 хүн бүгд амь үрэгдсэн билээ. 1940 онд буудагдан хороогдсон польшийн офицерүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Катыньд болох гашуудлын үйл ажиллагаанд оролцохоор польшийн төлөөлөгчид нисэж явсан юм. Смоленскд энэ өдрийг дурсан санаж, залбиран мөргөх өдөр болголоо. 10 цаг 41 минут. Албан ёсны баримт бичигт энэ цаг минутыг польшийн 1 номерийн онгоц сүйрсэн хугацаа гэж тэмдэглэсэн юм. Энэ хугацааг сүйрэл болсон газар босгосон хүндэтгэлийн чулуун хөшөөн дээр байрлуулсан царс модон хэрээс дээр сийлсэн билээ. Өнөөдөр тэнд амь үрэгдэгсэдийг хүндэтгэн нэг дуугий номхон зогсож энхийн цагаан тагтаа нисгэлээ. Смоленск хотын оршин суугчид өнөө өглөөнөө хойш польшийн төрийн далбааны цагаан улаан өнгөтэй хадаас цэцгийг дурсгалын хөшөөнд авчирсаар байна. Тэд зул асааж залбирал үйлдэж байна... Энэ аймшигтай сүйрэл болсноос хойш нэг жил өнгөрсөн ч гэлээ Станислава Афанасьева тэр өдрийг дурсан санаж нулимсаа барьж чадахгүй байлаа. 2010 оны 4-р сарын 10-ны өглөө тэрээр Смоленск хотод байдаг польшийн нутгийн зөвлөлийн төлөөлөгчидтэй хамт Варшаваас ирэх өндөр хэмжээний зочдыг Катыньд хүлээж байсан билээ. Цаг агаар маш муу өтгөн манантай байсан тул ёслолын арга хэмжээ хойшлогдох байх гэж үзэж байлаа. Тун удалгүй польшийн элчин сайдын яамнаас “манай ерөнхийлөгч биднээсээ халин одлоо” гэсэн аймшигтай мэдээг зарлалаа. Бүгд л уйлан залбирч байсан гэж Станислава Афанасьева ярьж байна. Бид хамгийн түрүүнд мэдсэн байх яагаад гэвэл манай байгууллагын нэг хүнд түүний танил ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны хүн утасдсан юм. Тэгэхэд хэн ч юу ч яриагүй, бид аль хэдийнээ мэдсэн байсан боловч үүнд тийм их ач холбогдол өгөөгүй юм. Онгоц унасан, эвдэрч, сүйдсэн байж болно, хэн нэгэн амь үрэгдсэн байж болно, гэхдээ л ерөнхийлөгч ч юм уу бидний танилууд биш байх гэж бодож байсан юм. Харин дараа нь л бүгдэд утасдаж хэлсэн, зурагтаар ч мэдээ явж эхэлсэн. Огт танихгүй хүмүүс ч утасдаж туслахыг санал болгож байсан гэлээ. Смоленскийн “Северный” нисэх буудлаас хэдхэн метрийн цаана сүйрэл болсон газар польшийн бадарчид ирсэн байна. Цэцэг өргөж, зул асаах нь амь үрэгдэгсэдийг хүндэтгэх тэдний ариун үүрэг билээ. Катынийн дурсгалын цогцолбор болон нисэх онгоцны буудалд очиж үзэхийн тулд польшийн оюутан Анджей, Смоленскт зориуд ирсэн байна. 4-р сарын 10-ны өглөө сонссон тэр мэдээ түүнд болон тэдний гэр бүлийнхний хувьд маш хүнд туссан гэж тэр залуу сүйрэл болсноос хойш жилийн дараа дурсан санаж байна. Бүх польшуудын хувьд энэ нь шок байсан ба итгэхийн аргагүй байсан, нэг хэсэг хугацаанд өнчрөх шиг л болсон гэж Анджей ярьж байна: «Эхлээд би ерөөсөө итгэж чадахгүй байсан. Энэ бол маш том эмгэнэл. Би эх, эцэг эрэгтэй, эмэгтэй дүү нартайгаа хамт зурагтын өмнө алмайран сууж нэвтрүүлж байгаа бүх зүйлийг анхаааралтай үзэцгээж байсан. Бүтэн өдөржин тэгж сууцгаасан. Оросууд польшийн элчин сайдын яаман дээр ирж эмгэнэл илэрхийлэж, амь үрэгдэгсэдийн дурсгалыг хэрхэн хүндэтгэж байгааг бид зурагтаар үзэж байсан. Үүний төлөө би оросуудад талархал илэрхийлэхийг хүсэж байна, тэр үед л би оросууд бидний ах, дүү юм гэдгийг мэдэрсэн. Ирээдүйд тийм л байх ёстой гэж би үзэж байна» гэж тэр ярилаа. Онгоцны сүйрэл болсны дараахан л нутгийнхан осол болсон газар руу яаравчлан ирсэн юм. Смолянчууд зул, лаа асааж түүнийгээ замын хажууд тавьж байсан юм. Хүмүүс польшийн католик сүм рүү урсаж эхэлсэн. Хүмүүс өөрсдийнхөө шүлэг, захиаг авчирч байлаа. “Хүмүүс амь насаа алдлаа. Манай газар шороон дээр амь үрэгдсэн хүмүүст смолянчууд бид гүн хүндэтгэл үзүүлэх ёстой гэж” нэгэн илгээлтэд бичсэн байлаа. Католик сүмийн жижигхэн суврага дээр сар бүрийн 10-нд болдог шиг өнөөдөр ч гэсэн амь үрэгдэгсдийг хүндэтгэн ном хурлаа. Смоленскийн Үнэн алдартны шашны бүх сүм хийдүүдэд өнөөдөр онгоцны осолд амь үрэгдэгсэдэд зориулж хойдын буян үйлдэж байна.