Ливи улсыг бөмбөгдөх явдал 2 долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд барууны эвслийн дунд хямрал үүслээ. Босогчдыг улам шахаж байгаа Каддафигийн дэглэмийн байлдах чадавхийг тэд дарж чадсангүй. АНУ “Одиссея. Үүрийн туяа” ажиллагаанаас гарч байгаагаа зарласан ба европчууд өөрсдөө энэ ажиллагаагаа дуусгах хэрэгтэй боллоо. Ингэж чадах л юм байгаа даа. АНУ 4-р сарын 3-наас эхлэн тэнгисийн байрлалтай “Томогавк” далавчит пуужингаар Ливийн байнуудад цохилт өгөхгүй гэж Пентагоны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдсэн билээ. Америкийн онгоцууд ливийн обьектуудыг бөмбөгдөхгүй. Харин сүүлийн мөчид холбоотнуудынхаа хүсэлтээр дахин нэг хоног бөмбөгдөхөөр болсон байна. Вашингтоны энэ байр сууринд хэд хэдэн шалтгаан бий гэж ажиглагчид үзэж байна.  Эвслийнхний хувьд ч эргэлзээтэй үүрэгтэй, тодорхой бус зорилготой ажиллагаанд асар их зардал гарч байгаа нь нэг шалтгаан бололтой. Нөгөөх нь ерөнхийлөгч Барак Обамагийн тулгараад байгаа цэвэр дотоодын асуудал юм. Улс төрийн шинжилгээний олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко ярихдаа «Обамагийн хувьд АНУ дахиад л нэг цэргийн адал балмад явдлыг арабын  3 дахь оронд өрнүүлээгүй гэдгээ харуулах нь маш чухал байгаа юм. Учир нь тэр тун удахгүй 2 дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээ зарлах ёстой юм. Мэдээж хэрэг түүнд илүү дутуу шүүмжлэл огт хэрэггүй. Шүүмжлэл түүнд хангалттай байгаа. Ард түмнийг түүний эсрэг болгож мэдэх америк цэргийн цогцс түүнд бүр ч хэрэггүй. Ер нь Обама анхнаасаа ливийн цэргийн ажиллагаанаас зай барихыг бодож байсан юм. Энэ ч ойлгомжтой юм» гэлээ. Америкчууд агаарын довтолгооны ажиллагаанаас татгалзаж байна гэдэг нь тэд Ливи улсаас бүрмөсөн явчихлаа гэсэн үг бишээ гэж шинжээч үзэж байна. Тэнд сөрөг хүчинтэй холбоотой ажиллаж байгаа ТТГ-ын ажилтнууд үлдэж байна. Харин америкийн тусгай албаныхан ливийн цөл нутагт нууцаар барьсан баазд Каддафигийн дайснуудыг сургаж байна. Үүнээс гадна ливийн эрэгт АНУ-ын 4000 тэнгисийн явган цэргийн десант буулгах тухай тушаалыг хэн ч өөрчлөөгүй байгаа шүү дээ. Ийм учраас америкийн далбаа Ливийн эрэгт намирсаар л байна.Хурандааг засгийн эрхээ орхи гэж барууны эвслийнхэн уриалж байгаа ч гэсэн Каддафигийн ирээдүй бүрхэг байсаар байна. Харин эвсэлийнхэн сөрөг хүчний байдлыг ажигласаар байна. Босогчдын ажиллагааг удирдаж байгаа Шилжилтын үндэсний зөвлөл байрлаж байгаа Бенгази хотод одоо британын дипломатууд бүлэг байрлаж байна. Ливи улсын одоогийн байдал болон сөрөг хүчний төлөвлөгөөний талаар мэдээлэл авах нь тэдний зорилго юм. Нөгөө талаас Каддафигийн төлөөний хүмүүс Европт үзэгдэж эхэллээ. Түүний хүү Сейф аль-Исламын ойрын хүрээний хүн Мухаммед Исмаил гэгч өнгөрсөн долоо хоногт Лондонд очсон байна. Афинд ням гаригт Ливи улсын ГХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Абделати аль-Обейди, Грекийн ерөнхий сайд Георгиос Папандреутэй хэлэлцээр хийлээ. НҮБ-ын шийдвэрийг Ливи улс хүндэтгэн үзэх ёстой, нэн даруй гал зогсоож, энгийн иргэдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийллээ зогсоох хэрэгтэй гэж Каддафигийн элчид мэдэгдсэн гэсэн мэдээгээр Грекийн ГХЯ мэдээлэлээ хязгаарлалаа. Ливийн цэргийн адал балмад явдалд орооцолдсон Барууныхан ийм маягаар бий болсон байдлаас гарахыг оролдож байна. Каддафи төрийн эрхэнд үлдэхгүй ч байж мэднэ гэж Евгений Минченко үзэж байна. «Яг одоо Баруун болон Европ Каддафигийн талаар тодорхой санал бодолтой байна гэдэгт би лав итгэхгүй байна. Европын орнуудад явуулж байсан алан хядах ажиллагааг санхүүжүүлж байсан яг тэр үед нь Каддафиг олон улсын тусгаарлалтад байлгаж байсан үе байсан. Тэгэхдээ л тэр үед нь түүнийг өршөөсөн юм. Ер нь түүнд айлгах зүйл зөндөө байгаа. Хэрвээ та нар намайг орох газаргүй болтол шахаад байвал би алан хядах ажиллагааны тактикт шилжинэ. Их британ, Франц, Испани, Итали улсуудад дараалан дэлбэрэлт болоод ирэхийн цагт та нарийн рейтинг гэгч юу болохыг үзье гэж тэр хэлж чадах юм. Ийм учраас түүнд гарах зам байгаа гэж би бодож байна» гэж Евгений Минченко хэллээ.Триполийн элчүүдийг хүлээж авахаас өөр арга байхгүй бас нэг шалтгаан Европт байгаа юм. Хойд Африк болон Ойрхи Дорнодод сүүлийн үед болсон явдлаас болж тус тивд цөмрөн орж ирсэн асар олон тооны цагаачдын асуудал юм. Зөвхөн Ливи улсаас гэхэд л 400 мянган хүн дүрвээд байна. Мөн Тунис, Марокко гээд зөндөө улс орнууд байгаа шүү дээ. Ийм учраас европын тэргүүнүүдэд бодох юм бас байна. Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони асуудлыг Тунисийн төр засагтай шийдхээр оролдож өнөөдөр тэнд хүрэлцэн очлоо. Европ ийм олон дүрвэгсэдийг хүлээж авахад бэлэн бус байна. Ливи улсын нөхцөл байдал Каддафиг хурдан зайлуулчихна гэж найдаж байсан Барууныхны төлөвлөгөөгөөр явсангүй. Ийм учраас л европын тэргүүнүүд харилцан буулт хийх эрэл хайгуулд бэдэрч явна даа.