Дэлхийд нэртэй компаниудын цаг, доржпалам шигтгээтэй бөгж, гайхамшигтай лимузин зэргийг худалдаж авахыг уриалсан өнгө өнгийн гэрэлтүүлгүүд Бээжингийн гудамжнаас 4-р сарын 1-нээс эхлэн алга боллоо. Хятадад тансаг хэрэглээг сурталчилсан гудамжны рекламыг хориглосон хууль хүчин төгөлдөр боллоо. Энэ хоригт тансаг амьдралыг билигдсэн жишээ нь “хаадын”, “дээдсүүдийн”, “тэргүүн зэргийн” гэсэн үгнүүд орж байгаа юм байна. Төр засаг ийм байдлаар эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс болж нийгмийн давхрагад үүссэн баян ядуугийн ялгаанаас болж өсч байгаа нийгмийн дургүйцлийг багасгахыг оролдож байна. Энэ жилийн Бүх дэлхийн инээдмийн өдөр БНХАУ-д тансаг байдлыг сурталчилахын эсрэг кампант ажлын эхлэлтэй давхацлаа. Одоогоос эхлэн тансаг байдлын бараа гудамжинд сурталчилсан хэн бүхнийг 30000 юань буюу 4600 доллароор торгох болно. Хэт баяжихыг ойшоож үздэгүй конфуцийн уламжлалын үнэ цэнэтэй зүйлийг хадгалахын тулд энэ арга хэмжээг авч байгаа гэж улс орны удирдлагууд мэдэгдэж байна. Баян, ядуугийн хоорондох хэт ялгаанаас болж нийгмийн тэсрэлт үүсэхээс Хятад улс айж үүнийг гаргаж байгаа гэж барууны ХМХ-үүд үзэж байна. БНХАУ-ын төр засаг энэ асуудлыг зүгээр л хараагүй мэт байхаар шийдсэн гэж Зар сурталчилгааны ассоциацийн ерөнхий захирал Федор Борисов үзэж байна: «Нийгмийн хурц байдалтай тэмцэх үр ашигтай аргуудын нэг бол шалтгааныг нь устгах буюу нийгмийн тэгш бус байдлыг үгүй хийх явдал юм. Харамсалтай нь реклам бодит байдал дээр шүүмжлэлийн хамгийн сайн бай болдог учраас хэрвээ энэ асуудлыг шийдчих юм бол энэ үзэгдэл үгүй болно гэж санагдаж байх шиг байна» гэлээ. Ийм шинэ хууль гаргаснаар “люкс” ангилалын зах зээл дээр эрс өөрчлөлт гаргаж, түүнийг бүр устгаж чадна гэж бодох нь арай эртэж байна гэж шинжээч үзэж байна: «Люкс ангилалд бодит байдал дээр хамрагдаж байгаа бараануудын салбар гудамжны рекламыг хориглосноор хохирно гэдэг юу л бол. Учир нь тансаг бараанууд арай өөр байдлаар сурталчилагддаг юм. Тансаг хэрэглээний салбарын бодит байдлын тухайд гэх юм бол алдагдал нэг их биш байна гэж үзэж байна. Өнгө будаг сайтай сэтгүүлүүд бол бас нэг сурталчилгаа шүү дээ. Интернет зар сурталчилгаа тэр чигээрээ үлдэнэ. Мөн Хятадад ямар барааг люкс ангилалын бараа гэж үзэж байна вэ гэдгийг задлан шинжлэх хэрэгтэй. Реклам хийхдээ нилээд дэгсдүүлэн тансаг бараа мэт сурталчилж байсан завсарын бараанууд л хэлмэгдэж магадгүй» гэлээ. Хятадын төр засгийн арга хэмжээ харин ч люкс ангилалын барааны худалдаанд ташуур өгөх болно гэж зарим нэг мэргэжилтнүүд үзэж байна. Фэйшион консалтинг групп компанийн ерөнхий захирал Анна Лебсак-Клейманс ч бас тэгж үзэж байгаа юм: «Нийгмийн ялгааг нуух ямарч боломж байхгүй. Харин ч тансаг хэрэглээний хаалттай байдлыг бий болгоно. Иймэрхүү хаалт хориг тавьснаараа Хятадад тансаг хэрэглээний барааны худалдаанд муугаар нөлөөлнө гэж үзэх нь арай эртэднэ. Ер нь ямар нэгэн хориг дандаа л буруу үр дүн өгдөг шүү дээ» гэж тэр ярилаа. Иймэрхүү “луун” арга хэмжээнээс ямарч алдагдалгүй гарна гэж бодож болохгүй. Дэлхийд нэртэй барааг бий болгож, бараагаа эрэлттэй болгоход реклам маш том үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Шанхайн судалгааны Хужунь хүрээлэнгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадад 800 мянган хүн 1,5 сая долларын эд хөрөнгөтэй байна. Зөвхөн 2010 онд гэхэд л хятадууд тансаг хэрэглээний бараанд 9,5 тэрбум доллар зарсан байна, энэ нь дэлхий нийтийн тансаг хэрэглээний гуравны нэг нь гэсэн үг гэж Тансаг барааны бүх дэлхийн холбооноос мэдээлсэн байна. Ийм учраас Хятад тун удахгүй манай гаригийн тансаг хэрэглээний томоохон улс болно гэж Анна Лебсак-Клейманс товчлон дүгнээд: «Одоохондоо тэргүүлэгч нь Европ байгаа юм. Энэ брендүүд өөрийн улсад нь байсаар байтал маш олон япон, хятад, бразил, орос, америк хүмүүс тэндээс худалдаж авч байна. Маш их нөөц бололцоотой хятадын зах зээлийг бодвол европын зах зээл өсөхгүй байна. Одоо маш олон брендүүд БНХАУ-ыг ирээдүйтэй зах зээл гэж үзэж байна. Жишээ нь, Орос улсад Louis Vuitton компанийн гуравхан дэлгүүр байхад Хятадад 36 байна» гэлээ. Албан ёсны статистик мэдээ баримтаас харахад өдөрт ганцхан доллар авдаг 150 сая хятадууд ядуурлын туйлд амьдарч байна. Дэлхийн банкны таамагаар БНХАУ-д баян, ядуугийн ялгаа ойрын үед зөвхөн өсөх болно.