Япон улсад 3-р сарын 11-нд болсон аюултай газар хөдлөлтийн үеэр осолдсон “Фукусима-1” АЦС-ийн байдал улам муудсаар байна гэдгийг олон улсын шинжээчид магадлан шинжлэж байна. Реакторын хөргөлтийн системийг сэргээн засварлах ажил бүтсэнгүй. Хор уршгийг арилгагчид хэд хэдэн шийдвэрлэх аргагүй асуудалтай тулгарсан байна. Ургах нарны орны амьдрал харин жирийн гольдролдоо орсоор байна. Япончууд энэ аймшигийг хурдан мартахыг хүсэж байна. “Фукусима-1” АЦС-ийн эргэн тойрны цацраг идэвхит бодисын түвшин нэмэгдэж байна гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Энэ долоо хоногт эрчим хүчний нэгдүгээр блокын ойролцоо цацраг идэвхижилтийн хэмжээ 10 мянга дахин, станцийн ойролцоох далайн усан дахь радио идэвхит йодын хэмжээ 4500 дахин их байгаа нь тогтоогджээ. Харин хөрсөнд нь радио идэвхит плутон илэрсэн байна. Бас нэг асуудал бол цацраг идэвхит тоос юм. Радио идэвхит элс болон бусад хордсон хэсгүүдийг салхи агаарт гаргаж ойр орчмын нутагт тархааж байна. Онолын талын шийдвэр олдоод байна. АЦС-ийн нутаг дэвсгэрийг шингэн хиймэл давирхайгаар цутгах болсон байна. Энэ давирхай нимгэн пленк үүсгэх бөгөөд цацраг идэвхит хэсгүүдийг баринтаглах ёстой. Станцийн дээд талд тусгай зориулалтын даавуугаар хийсэн малгай маягийн зүйл өмсгөнө. Энэ арга хэмжээнүүд нь гадагш алдаж байгаа цацрагийн хэмжээг багасгаж хордсон тоосыг агаарт босгохгүй байх ёстой. Тэгэхдээ хэзээ үүнийг хийх нь тодорхой биш байна. Хамгийн гол нь эхлээд реакторуудын доголыг арилгах шаардлагатай байна. Осол болсон газар чухам юу болж байгааг зөвхөн ослын хор уршгийг арилгагчид л мэдэж байгаа. Фукусима дахь АЦС-д ажиллаж байгаа ТЕПКО компанийн ажилчид болон токиогийн офист байгаа тус компанийн ажилчдын хоорондох цахим захидал хэвлэлд гарсан байна. Энэ захидал цөхөрсөн байдлаар дүүрэн байжээ. Захидлын хэсгээс дурья: “Маш хүнд хэцүү нөхцөлд энэ осолтой тэмцэж байгаа  олон хүн АЦС-д байгаа гэдгийг ойлгоосой гэж би хүсэж байна. Уйлаад ч нэмэр байхгүй. Хэрвээ бид тамд орсон бол бидэнд хамгийн ойр зүйл бол диваажингийн тал руу мөлхөх л байна. Цөмийн эрчим хүчний нуугдмал хүч чадлыг санаж байнгын бэлэн байдалд байгаарай. Бид үүнийг сэргээнэ гэдгээ та нартаа амлаж байна” гэж эвдэрсэн реактороос холгүй орших “Фукусима-2” АЦС-ийн ажилтан бичжээ. Энэ АЦС-ийн ажилтнуудын ихэнх нь нутгийн иргэд бөгөөд тэд болон тэдний гэр бүлийнхэн газар хөдлөлт, цунамид хэлмэгдсэн юм. Ихэнхийх нь байшин эвдрэн сүйдсэн юм.  “Эргийн дагуу байрласан миний төрлөх хотыг цунами залгисан. Миний төрөл төрөгсөд хаана байгааг би одоо болтол мэдэхгүй. Би байшиндаа ойртож очиж болохгүй учир нь тэнд нүүлгэн шилжүүлэх горимд шилжсэн юм. Сэтгэл санааны ийм хүнд байдалд би маш хүнд хэцүү ажлыг гүйцэтгэж байна. Тэгэхдээ бид ТЕПКО компанийн ажилтнууд шиг ажил үүргээ гүйцэтгэнэ, дараа нь л өөрийнхөө тухай, газар хөдлөлтөд нэрвэгдэгсэдийн тухай бодох хэрэгтэй гэж бодож байна гэж” өөр нэг захидалд бичсэн байна.  “Фукусима-1” АЦС-иас 20 километрт тогтоосон тусгаарлах бүс гэгчид амьдарч байгаа хүмүүс Япон улсад жинхэнэ нийгмийн илүүдэл хүмүүс боллоо. Тэднийг эмнэлэгт үзэхээс татгалзаж, цацрагт хордоогүй гэсэн бичиг авчирахыг шаардаж байна. Цацраг идэвхижилтийн хордлогоос айсан орон нутгийн засаг захиргааныхан АЦС-ийн эргэн тойрноос газар хөдлөлт болон цунамигаас болж амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг авч ирэхээс татгалзаж байна. Эдгээр цогцс нь цацрагт маш их хордсон юм. Энэ цогцсуудыг дараа нь яахыг одоо хэн ч мэдэхгүй байна. Японы ёс заншлаар цогсуудыг шатаах юм бол агаарт радио идэвхит бодисын хэсгүүд тарна, газар булвал хөрс хордоно. Цацраг идэвхит бодисын түвшин өндөр болж байгаа тул тусгаарлалтын бүсийг 40 километр хүртэл өргөжүүлэх хэрэгтэй гэж МАГАТЭ-гийн шинжээчид үзэж байна. Энэ үеэр Фукусимагаас өмнө зүгт 240-хөн километрт шал өөр амьдрал буцлаж байна. Японы нийслэл шокноос бараг гараад байна. Цахилгаан эрчим хүч хэмнэх үүднээс зар сурталчилгааны болон илүү дутуу гэрэлтүүлгүүдийг унтраагаад байна, үүнээс болж Токио бага зэрэг бүүдгэр болоод байна гэж яг одоо Такусёку Их сургуульд ажиллаж байгаа Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Василий Молодяков манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Засгийн газар токиочууд болон бүх япончуудыг эрчим хүчийг хэмнэхийг уриалсан юм. Токиогийн гудамжаар оройн цагаар явж байхад нилээн харанхуй болсон юм шиг санагдаж байна, гэхдээ энэ нь аймшигтай, аюултай болсон гэсэн үг биш л дээ. Зүгээр л онцын шаардлагагүй гэрэлтүүлгүүдийг л унтраасан болохоос биш амьдрал хэвийн байдлаар үргэлжилж байна. Токиод ямарч түгшүүртэй байдал мэдрэгдэхгүй байгаа. Харин япончууд энэ байдал дээр их ухамсартай ард түмэн гэдгээ харуулж байна. Хэрвээ тус улсын иргэн бүхэн өөрт нь онцын шаардлагагүй нэг хоёр төхөөрөмжийг унтраачих юм бол дэвүүр маягаар цахилгааныг унтраах хэмжээг үнэхээр багасгаж болно шүү дээ» гэлээ. Газар хөдлөлтийн үед болон түүний дараа зурагтаар харуулсан тэр аймшигтай зургуудаас үүссэн тэр айдасаасаа хүмүүс хурдан салахыг бодож байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна гэж Василий Молодяков тэмдэглэлээ. Бүгдийг хяналтдаа байлгаж байна гэж Японы засгийн газар өөрийн зүгээс мэдэгдсээр байна.